Н.Батсайхан: Ногоон таксономи гэдэг нь улс орнуудын өөр хоорондоо ойлголцох хэл юм
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, БНХАУ-ын Санхүү, тогтвортой байдлын институт, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын тогтвортой банк санхүүгийн холбоо, Худалдаа хөгжлийн банк хамтран “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг зохион байгуулж байна. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгчийн ажлын албаны Ахлах референт Н.Батсайхантай ярилцлаа.
-Та “Ногоон болон тогтвортой санхүүжилтийн таксономи /Ногоон санхүүжилт олгох боломжтой үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг таних нэгдсэн тодорхойлолт, ангилал зүй/-ийн харилцан үйлчлэлийг сайжруулах нь” хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллалаа. Таксономи гэх ойлголтыг яагаад ингэж чухалчилж авч үзэх болов?
-Дэлхийн дулаарал нь дэлхий нийтийн хувьд хамгийн анхаарвал зохих асуудлын нэг болж хувирсан. Тийм учраас ногоон санхүүжилт гэдэг ойлголт гарч ирсэн юм. Ногоон санхүүжилт гэдэг нь дэлхийн дулаарал, хийн хүлэмжийн ялгарлыг бууруулах чиглэлийн үйл ажиллагаа. Үүний дотор ногоон таксономи гэсэн ойлголт байдаг. Энэ нь улс орнуудын өөр хоорондоо ойлголцдог “хэл” гэж ойлгож болно. Чуулганы хэлэлцүүлгийн үеэр улс орон бүр өөр таксономитой байна гэсэн асуудал яригдлаа. Яагаад өөр байна вэ гэхээр, улс орон бүрийн анхны өгөгдөл харьцангуй өөр түвшинд байна гэсэн үг. Тухайлбал, газар зүйн байршил, хөгжлийн түвшин, орлогын хэмжээ гээд тэр бүх асуудал харилцан адилгүй хэмжээст байгаа учраас өөрсдийн таксономиг баталчихдаг. Нийт 200 гаруй таксономи байна. Ийм олон таксономи байна гэдэг нь нэг нь нөгөөдөө хөрвөх чадвар муу байгаа хэрэг юм.
Тиймээс өнөөдөр хэрхэн энэ асуудлыг шийдэх вэ гэсэн асуудлыг хөндөж ярилаа. Ингээд боломжит нэг хувилбар бол улс орон бүр хүлээн авч болохуйц үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэх нь зөв юм байна. Тэрхүү үндсэн зарчим дээрээ тухайн улс өөрийн асуудлыг нэмэлтээр тусгах болох юм гэсэн хувилбарыг дэвшүүлсэн. Энэхүү хувилбараа цааш нь үргэлжлүүлээд ярих байх. Ногоон бонд, ногоон зээлийг гаргахдаа тухайн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаа ногоон эсэхийг таксономиг үндэслэн тогтоодог. Тиймээс таксономи гэх ойлголтод талууд ийн өндөр ач холбогдол өгөөд байгаа юм.
Монгол Улс ногоон таксономиг хэрэгжүүлээд бас ч үгүй хэдэн жил боллоо. Үүнийхээ хүрээндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг баримт бичгийн хүрээнд зохих зорилтуудыг дэвшүүлээд ажиллаж байна. Мөн НҮБ-аас дэвшүүлсэн 17 зорилт гэж байна. Бид нэг дор бүх зорилтыг хангаж чадахгүй. Гэлээ гэхдээ ногоон таксономиг өргөжүүлээд, нийгэмд нэн шаардлагатай ангиллуудаа тодорхойлж, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономийг баталлаа. Энэ нь хөрөнгө оруулагчдад болон бонд гаргаж буй талуудад асуудлыг илүү ойлгомжтой болгож байгаа явдал боллоо.
-Өмнө нь энэ баримжаа зөвхөн санхүүгийн салбарыг хамарч байсан гэж ойлгосон?
-Тийм ээ. Одоо эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, мэдээллийн технологи гэсэн дөрвөн салбарыг нэмж тусгалаа. Тэгэхээр эдгээр салбарыг хөрөнгө оруулагчдад санал болгох боломжтой болж байна. Бид ирээдүйд ногоон дэлхийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой. Тиймээс тоглоомын дүрмээ тодорхой болгож байгаа хэрэг. Энэ хүрээнд таны өгсөн мөнгөөр ийм төрлийн ногоон төсөл хэрэгжүүлнэ, үүний үр дүнд хүлэмжийн хийг төдөн хувиар бууруулна гэсэн яриа өрнөх нь. Өнөөдөр Монголбанк ногоон таксономид тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Хэрэв банкуудын олгож буй зээл нь ногоон биш болох нь тогтоогдвол энэ бүх урамшууллаа алдах болно. Энэ нь цаашлаад банкууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд алдаа гаргах ёсгүй гэсэн сэдлийг төрүүлж байгаа юм.