ЗАВХАН: Шалгалтын хугацаа бүрэн дуусаагүй үед их, дээд сургуульд элсүүлэх үйл ажиллагааг хориглоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-16 13:12:32

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт элсэлтийн ерөнхий шалгалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ жил тус аймагт нийт 900 гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Нийт 22 сургуулийн 787 сурагч, өмнөх оны 150 сурагч гээд энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 900 гаруй хүүхэд шалгалт өгч байна.

Энэ жил шалгалт өгч байгаа хүүхдүүд давхардсан тоогоор нийт 2454 шалгалтыг өгнө. Хүүхдүүд бүх шалгалтыг өгч дууссаны дараа хуваарь сонголтыг онлайнаар явуулах юм. Энэ жилийн онцлог гэвэл, элсэлтийн ерөнхий шалгалт бүрэн дуусаагүй үед тухайн шалгалт авч байгаа газарт сургуульд элсүүлэх, хувийн болон төрийн өмчит их дээд сургуулиудыг сурталчлах, элсэлт авах үйл ажиллагааг хориглоно. Харин элсэлтийн ерөнхий шалгалт бүрэн дуусаж хуваарь сонголтыг хийх үеэр дээрх үйл ажиллагааг явуулах юм.


Шалгалтын хугацаа дуусмагц шалгалтын төвийн тусгайлан бэлтгэсэн шууд засалтын өрөөнд тухайн шалгалтын хариултын хуудсыг засагч машинаар шалгуулагчдын өмнө ил тод, нээлттэй уншуулж, анхны оноог шууд мэдээлнэ.

Анхны оноонд харгалзах “хэмжээст оноо”-г тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор http://list.eec.mn/ сайтад онооны жагсаалтыг оруулах бөгөөд шалгуулагчид https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор нэвтрэн өөрийн хэмжээст оноог харах боломжтой юм гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.




Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр,

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авна.

ЭЕШ болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.8 жил /31 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байх аж.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулдаг болсон. Энэхүү технологи нэвтэрснээр мэдээллийг тусгай технологиор шифрлэж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй. Түүнчлэн өндөр хүчин чадалтай тархмал сүлжээнд найдвартай хадгалах боломжтой болсноор цаг хугацаа, зардал хэмнэж, ил тод, нээлттэй, аюулгүй найдвартай байдлыг бий болгож байгаа юм. 

Мөн ЭЕШ-ын дүн оноог BI системд байршуулснаар боловсролын байгууллагын удирдлага, сургалтын менежер, багш сурган хүмүүжүүлэгчид ЭЕШ-ын даалгаврын гүйцэтгэл болон танин мэдэхүйн түвшин, агуулгын гүйцэтгэлийг харан судалгаа шинжилгээ хийх боломжтой болсон байна.


相关新闻