Р.Мөнхтуяа: ХААН банк арилжааны банкуудын ногоон зээлийн багцын 38.5 хувийг дангаар бүрдүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023” цуврал арга хэмжээ сүүлийн өдрөө үргэлжилж байна. Тус арга хэмжээний хүрээнд ногоон бондын салбар хуралдааныг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Санхүүгийн зохицуулах хороо, ТоС холбоо, ХААН банк хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэхдээ "Сүүлийн жилүүдэд манай улсын хөрөнгийн зах зээл идэвхжиж, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээний үр дүнд энэ сарын байдлаар зах зээлийн үнэлгээ анх удаа 11 их наяд төгрөгийг давж түүхэн дээд хэмжээнд хүрснийг онцлох нь зүйтэй. Санхүүгийн зохицуулах хороо Монголын тогтвортой санхүүжилтийн холбоотой харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны 11 дүгээр сард үзэглэн, Монгол Улсын санхүүгийн салбар, хөрөнгийн зах зээлийг тогтвортой, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн олон улсын стандартыг нэвтрүүлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжих, чадавхийг бэхжүүлэх хүрээнд хамтран ажиллаж байна. Мөн өнгөрсөн онд болсон “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган”-ны үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг баталснаар нээлттэй хувьцаат компаниудыг байгаль орчин, нийгэм, засаглалын тайлан гаргаж мэдээлдэг болох, дотоодын аж ахуй нэгжээс ногоон бонд гаргах замаар байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тогтолцоо бүрдэх чухал ач холбогдолтой алхам болсон.
Түүнчлэн бид ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бодлогын орчныг боловсронгуй болгох, ногоон хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэмэгдүүлэх, дотоодын ногоон хөрөнгө оруулалтын оролцоог тэлэх, санхүүгийн зах зээлийн бусад байгууллагуудын ногоон хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох зэрэг хөрөнгийн зах зээлийн бодлого боловсруулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Нийтэд санал болгон компанийн бонд гаргах ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хялбаршуулж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг хямд өртөг бүхий урт хугацааны санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татах хөшүүргийг бий болгох зорилгоор энэ сарын 11-ний хуралдаанаар Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмыг баталсан. Ингэснээр дотоодын аж ахуй нэгжүүд олон улсын стандартад нийцсэн ногоон бондыг хөрөнгийн зах зээлд олон нийтэд санал болгон гаргах зохицуулалтын орчин бүрдсэн. Ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын эх үүсвэрээс ногоон санхүүжилтийн эх үүсвэр татах хүрээнд ХААН банк олон улсын зах зэээлд ногоон бонд гаргах ажлыг түүчээлэн өнөөдөр эхлүүлснээр тогтвортой эдийн засаг, санхүүжилтийг дэмжсэн түүхэн явдал болж байна” гэлээ.
ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Манай банк өнөөдөр хоёр ч ногоон фонд босгосон туршлагаасаа бусад банк, санхүүгийн байгууллагуудтай хуваалцаж байна. ХААН банк нь энэ оны гуравдугаар сард 60 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хаалттай ногоон бондыг олон улсын зах зээлд гаргаж, Олон улсын санхүүгийн корпораци /IFC/, Нидерландын хөгжлийн банк /FMO/, Микровест Капитал Менежмент /MCM/ зэрэг хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татан төвлөрүүлж, харилцагчдадаа зээлийг нь олгож байна.
Түүнчлэн энэ оны зургаадугаар сарын 13-нд Монголын Хөрөнгийн бирж дээр ногоон бонд гаргах зөвшөөрлөө аваад байна. Энэхүү бонд нь төгрөг болон ам.доллар бүхий холимог бонд байх юм. Монголын харилцагчдаасаа 17 тэрбум төгрөгийн татан төвлөрүүлэлтийг хийх бол гаднын банк, санхүүгийн байгууллагуудаас 25 сая ам.долларыг татан төвлөрүүлнэ. Бид хэрэглээний 4, бизнесийн 9 төрлийн ногоон зээлийг батлан гаргасан. Эдгээрийнхээ хүрээнд зээлээ олгож буй. Өнөөдрийн байдлаар манай банкнаас олгосон нийт ногоон зээлийн багц 165 тэрбум төгрөгт хүрээд байна” гэв.
Энэ оны эхний улирлын байдлаар нийт арилжааны банкийн ногоон зээлийн багц 301.2 тэрбум төгрөг байгаагаас 38.5 хувийг ХААН банк дангаар бүрдүүлж байгаа аж. Энэ онд тус банк ногоон зээлийн багцаа өмнөх оны төгсгөлөөс 4 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа болохыг Р.Мөнхтуяа захирал энэ үеэр тодотгосон юм.