“Цайны их зам” ХХК-ийн эмээлийг экспортын онцлох бүтээгдэхүүнээр шалгаруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, МҮХАҮТ хамтран зохион байгуулдаг “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2023” олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцогч компани, ААН-ийг шалгарууллаа.
Үзэсгэлэнгийн 11 номинацид нийт 40 ЖДҮ оролцон шилдгүүдийг шалгаруулав. Үүнд:
- “Брэнд гутал” ХХК үзэсгэлэнгийн дээд шагнал “Гран-при” хүртэв.
- “Бодь глобал фүүдс” ХХК-ийн “Мaya Lemon” болон” Lime &
limon” цэвэр ус хүнсний онцлох шинэ бүтээгдэхүүнээр,
- “Юргана индастри” ХХК-ийн Монголын анхны аарцтай, кальциар баялаг эмчилгээний шүдний оо онцлох бүтээгдэхүүнээр,
- “Цэгц тусгал” хоршооны
зөөлөн брэндийн гоо сайхны багц онцлох шинэ бүтээгдэхүүнээр,
- Монголын анхны эмээлийн үйлдвэр “Цайны их зам” ХХК-ийн Англи, Америк,
Австрали стандартаар урласан байгальд ээлтэй эко, эрүүл ахуйн шаардлага
хангасан бат бөх хөнгөн эмээл экспортын
онцлох бүтээгдэхүүнээр тус тус шалгаруулав.
“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2023” “Мишээл Экспо”-д өнгөрсөн амралтын өдрүүдэд 25 дахь жилдээ болсон юм. Энэ удаагийн үзэсгэлэнд нийслэл орон нутгийн нийт 100 гаруй жижиг дунд ААН, хувиараа бизнес эрхлэгч, үүн дотор хөдөө орон нутгаас Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл аймгаас оролцлоо.