П.Цагаан: Аймгууд өрсөлдөх чадварын тайлан судалгааг өргөн ашиглах болсон
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2023”-аар Монгол Улс судалгаанд хамрагдсан 64 орноос 62-т оржээ. Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнөөдөр мэдээлэв.
Нийт 100 онооноос манай
улс 35.56 оноо авч, энэ нь өмнө оныхоос 0.64 оноогоор буурч, нэг эрэмбээр ухарсныг
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн
дарга, доктор П.Цагаан мэдээллээ.
Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 1989 оноос хойш жил тутам
тасралтгүй гаргаж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан”-д 64 улсын
өрсөлдөх чадварыг:
- Эдийн засгийн тамир
тэнхээ,
- Засаглалын үр ашиг,
- Бизнесийн байгууллагын
ашигт ажиллагаа,
- Дэд бүтцийн хөгжил гэсэн 4
үндсэн хүчин зүйлийг харгалзан гаргадаг.
Мөн 20 дэд бүлэг, нийт 335
шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмжсэн нарийвчилсан судалгааг хийдэг аж.
Дөрвөн үндсэн бүлгээр авч
үзэхэд Монгол Улс эдийн засгийн тамир тэнхээ бүлэгт нэг эрэмбээр урагшилж, засаглалын
үр ашиг, дэд бүтцийн бүлгээр тус бүр нэг эрэмбээр, бизнесийн байгууллагын ашигт
ажиллагаа бүлэгт 3 эрэмбээр ухарчээ.
Сүүлийн 5 жилийн үзүүлэлтээр
авч үзэхэд манай улс эдийн засгийн тамир тэнхээ бүлэгт нэг эрэмбэ ахисныг эс
тооцвол бусад бүх бүлэгт ухараад байгааг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх
чадварын судалгааны төвийн дэд захирал Н.Одончимэг танилцуулав.
Сайжирсан болон ухарсан үзүүлэлтүүдийг танилцуулвал:
- Сайжирсан нь нэг хүнд ногдох ДНБ-ий бодит өсөлт 2022 онд хасах 0.14 хувьтай байсан бол 2023 онд 3.62 болжээ.
- Улсын төсвийн ашиг/алдагдал 2022 онд хасах 3.46 хувьтай гарч
байсан бол энэ онд 0.79 хувьтай гарч байна. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ
5.98-аас 11.41 хувь болж өсжээ.
- Ухарсан нь хэрэглээний
үнийн индекс 2022 онд 7.11 хувьтай байсан бол 15.15 (дундаж хувь) болжээ. Цаашлаад хөдөлмөр эрхлэлтийн урт хугацааны өсөлт
хасах 10.51-ээс мөн хасах 14.30 хувь болж нэмэгджээ. Бохирдлын асуудал 2.11-2.91
хувьтай байна.
Удаалаад, Монгол Улсын хамгийн
сайн буюу давуу талын болон сул талын үзүүлэлтүүдийн эрэмбийг харвал:
- Оффисын түрээсээр 1,
- бараа, бүтээгдэхүүний экспортын ДНБ-д эзлэх хувиар 11-д,
- төсвийн ашгаар 10,
- хэрэглээний татварын түвшнээр 12,
- ажилчдын сургалтаар 26,
- харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалтаар 11-д тус тус эрэмблэгджээ.
Тэгвэл сул талын
үзүүлэлтээр
- экспортын түншийн төвлөрлөөр 64-т,
- эдийн засгийн сорилтыг сөрөх чадвараар мөн 64-т,
- төрийн өмчийн ААН-үүдийн оролцоо өндөр байна гэдгээр 63-т,
- хүнд
суртлаар 62-т тус тус орсон байна.
Энэ бүхнээс харахад энэ онд Монгол Улсад тулгарч болох сорилтод инфляцын өндөр түвшин байж, үүнээс болж Төв банк зээл олголтыг хумихад хүргэж болзошгүй. Мөн ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал нийгмийн өмнө тулгамдсан асуудал хэвээр байх нь гэдгийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал Н.Одончимэг хэлэв. Түүнчлэн сонгууль, улс төрийн мөлчлөгөөс хамааралтай байх нь эдийн засгийн хүндрэл үүсгэж, геополитикийн хурцадмал байдал эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй гэв.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан хэлэхдээ, нийгэм-эдийн засгийн өрсөлдөх чадварын тайланг манай улсад төр, засаг, хувийн хэвшлийн хүрээнд дээд, дунд түвшиндээ сайн ашиглаж байх хэрэгтэйг зөвлөлөө. Тэрбээр үүндээ Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг төрийн албаны хэрэгцээнд бүх үйл ажиллагаанд тусган ашиглаж буй Казахстан улсын жишээг татлаа. Тус улс сүүлийн жилүүдэд Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангаар байраа урагшлуулж, 27-д эрэмблэгдэх болжээ.
Д.Цагаан, манай улсад аймгийн удирдлагууд, удирдах албаныхан өрсөлдөх чадварын тайлан, судалгааг өргөн хүрээнд анхаарч, ашиглах болсныг орон нутагт нийгэм-эдийн засгийн үзүүлэлтээр өрсөлдөх болсноор тайлбарлан хэлж байна.
Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын
тайланд орсон бол энэ жилийн тайланд Кувейт Улс нэмэгджээ. Харин ОХУ болон Украйн улсыг өмнөх жилийн
адил оруулаагүй байна. 2023 оны тайлангийн үр дүнгээс харахад:
- Өрсөлдөх чадвар хамгийн сайн улсаар Дани, Ирланд, Швейцар,
Сингапур, Нидерланд улс эрэмбэлэгдэв.
- Дани улс чансааны
тэргүүлэх байр сууриа хадгалж, Ирланд Улс 7-р байрнаас 2-т, Швейцар 1 байраар
ухарч 3-т эрэмбэлэгджээ.
- Өрсөлдөх чадвар хамгийн сул улсаар өмнөх жилийн адилаар
Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл улс нэрлэгдсэн байна.
- Зүүн Ази, Баруун Европ өрсөлдөх чадвар сайн, Хойд Америк
тогтвортой, харин зүүн Европын өрсөлдөх чадвар ихээхэн буурсан байна.
Дэлхий дахиныг хамарсан улс төр, эдийн засаг, нийгмийн үйл
явдлын өрнөл улс орнуудын өрсөлдөх чадварт нөлөөлж ирэв. Тухайлбал, Ковид-19 цар тахлын дараа
эдийн засгаа харьцангуй хожуу эргэж
нээлттэй болгосон улс орнууд өрсөлдөх чадвараа сайжруулж (Тайланд, Индонез,
Малайз), эсрэгээрээ эрт нээлттэй болсон улсуудын эдийн засгийн өсөлт харьцангуй
удааширсан ажиглагдаж байна (Швед, Финланд).
Судалгааны үр дүнгээс харахад харьцангуй жижиг эдийн засагтай
улс орнуудын өрсөлдөх чадвар хурдан сайжирсан хандлага ажиглагджээ. Тэдгээр улсад боловсролын болон институтийн
сайн тогтолцоо, гадаад худалдааны түнш, гадаад зах зээлд хүрэх боломж сайн
байгаа зэрэг нийтлэг дүр зураг ажиглагдсан байна.