ЗАВХАН: Хүнсний дэлгүүрүүдийг 24 цагаар ажиллахыг зөвшөөрөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-20 17:17:21

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын захирамжаар хүнсний худалдаа эрхэлдэг дэлгүүрүүдийг 24 цагаар ажиллахыг зөвшөөрөв.


Завхан аймгийн Засаг дарга А/245 дугаар захирамжийг 6 дугаар сарын 14-ний өдөр гаргаж, хувийн бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлогоо хэрэгжүүлж эхэллээ.  


Захирамжид дурдсанаар Улиастай суманд ресторан, баар, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийг 23.00-04.00 цаг хүртэл, хүнсний худалдаа эрхэлдэг дэлгүүрүүдийг 24 цагаар ажиллахыг зөвшөөрөв.


Өмнө нь хүнсний дэлгүүрүүд болон баар, ресторан хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд нь 23.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг байсан. Тус аймгийг дайран өнгөрч байгаа гадаад, дотоодын жуулчид иргэдийн хувьд шөнө дунд халуун хоолтой, үйлчилгээний газар, хүнсний дэлгүүр олоход хэцүү.


Бүр 11.00 цаг хүртэл хүнсний дэлгүүр болон үйлчилгээний газрыг онгойхыг хүлээдэг байжээ. Тэгвэл дээрх захирамж гарснаар тус аймгийн иргэд болон дайран өнгөрч буй дотоод, гадаадын жуулчид, аялагчдад хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх боломж олгожээ. Мөн худалдаа үйлчилгээ эрхэлдэг хувийн бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодлого боллоо гэж иргэд ам сайтай байна.



Хүнсний худалдаа эрхэлдэг дэлгүүрүүд болон ресторан, хоол үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг уртасгасантай холбоотой хүнсний аюулгүй байдлын чанар стандартыг мөрдүүлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудаас хянаж, шаардлагатай зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд өгч байна.


Тухайлбал, аялал, амралтын улирал эхэлсэнтэй холбоотой мах махан бүтээгдэхүүн, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, хадгалалтад илүү анхаарал хандуулж ажиллах юм гэж аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс мэдээлэв. 

相关新闻