НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга ажлын айлчлал хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима Монгол Улсад 2023 оны 6 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
Тэрбээр өнөөдөр нээлтээ хийсэн Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт, энэ хүрээнд болж байгаа Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын үндэсний зохицуулагчдын уулзалтад тус тус оролцож байна.
Мөн хоёр талын уулзалтууд хийж, 2023 оны 6 дугаар сарын 29-30-нд Улаанбаатар хотноо болох Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцоно.
Энэхүү айлчлал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн Монгол Улсад 2022 онд хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжиж байгаа бөгөөд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.