Монголын жүдочид Улаанбаатарын "Их дуулга”-аас 2 алт, 4 хүрэл медаль авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн “Их дуулга 2023” тэмцээн Улаанбаатар хотын “Мөсөн өргөө”-нд болж, үзэгчдийн уухай, дасгалжуулагчийн зөвлөгөө, багийнхны түрлэг дуунд өндөрлөлөө.
Амжилт ч чамлахаар байсангүй. Олимпийн оноо олгодог дэлхийн хэмжээний энэ том тэмцээнийг Монгол Улс хоёр дахиа зохион байгууллаа. Манай жүдочид энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцож, 2 алт 4 хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр нийт 41 орноос 3-р байр эзэлсэн юм.
Үндэсний
шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Б.Гончигсүрэн Улаанбаатарын
"Их Дуулга"-ын сүүлийн өдөр -100 кг-ын жинд алтан медаль хүртэж
монгол түмнээ баярлуулав. Энэ нь Монголын жүдочдын нутгийн татамигаас хүртсэн
хоёр дахь алтан медаль, түүний анхны түрүү болж байна.
Б.Гончигсүрэн
"Стэп Арэна"-д Беларусийн Даниэль Мукете, Японы Котаро Үэока, энэ
жилийн Дохагийн дэлхийн аварга ОХУ-ын Арман Адамиан, олимпийн мөнгөн медальт,
дэлхийд 3 үзүүрлэж, 3 хүрэлтэй Гүржийн алдарт жүдоч Варлам Липартелиани нарыг
тус тус ялж аваргын алтан медалиа зүүжээ.
Харин тэмцээний эхний өдөр хөнгөн таван жингийн барилдаан болж, эрэгтэй 66 кг-ын жинд зодоглосон Ё.Басхүү түрүүлснээр Монголын шигшээ багийнхаа анхны алтан медалийн эзнээр тодорсон билээ. Ё.Басхүүгийн хувьд Казахстаны Гумар Киргизбаяевыг торгуулиар, “А” хэсгийн аваргын төлөө Азербайжаны Яшар Нажаповыг цэвэр ялж, хагас шигшээд Японы тамирчин Тайко Фүжисакаг хансокүмакэ ялж, аваргын алтан медалийн төлөө Тажикстаны Обид Зхебовыг нэмэлт цагт гурван торгуулиар ялсан юм. Түрүүлснийхээ дараа тэрбээр “Их Дуулга тэмцээнд хоёр удаа оролцлоо. Өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн бол энэ жил түрүүлсэндээ маш их баяртай байна. Намайг байнга дэмждэг Монголын ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна” гэсэн юм.
"Их дуулга" тэмцээний сүүлийн өдөр +100 кг-ын жинд Хилчин спорт хороо, "ЖИ-МОБАЙЛ" компаний тамирчин, ОУХМ О.Цэцэнцэнгэл хүрэл медалийн төлөө шалгаран өрсөлдсөн. Тэрбээр тэмцээний нийт тамирчдыг тэргүүлэн барилдаж, А хэсэгт эхний тойрогтооо гоц мөргөөд хоёрын даваанд IJF-ийн нэр дор барилдаж буй Яхор Кукаренкаг ялаад 1/4 шигшээд Германы Лоссени Конед вазари үнэлгээгээр ялагдсан байна. Гэвч манай бөх торгуулийн барлдаанд Финландын Мартти Пуумалайненг цэвэр ялснаар Азербайжаны алдарт Ушанги Кокауритай хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болсон. Энэ бөхийг манай тамирчин Парисын Их дуулга тэмцээний аваргын төлөө ялж байсан намтартай. Энэ удаа ч мөн ялж, хүрэл медалийн эзнээр тодорсон байна. Үүнээс өмнө О.Цэцэнцэнгэл Их дуулга тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртээд байсан юм.
Их дуулга тэмцээний хоёр дахь өдөр Монголын багийн медалийн буухиаг -73 кг-ын жинд Хангарьд спорт хорооны тамирчин Б.Эрдэнэбаяр үргэлжлүүллээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө самбо бөхийн дэлхийн аварга, Токио-2019 дэлхийн аваргад манай гавьяат тамирчин Ц.Цогтбаатарыг ялж шуугиан дэгдээж байсан Тажикстаны Бехрузи Хожазодаг яллаа. Ингэснээр Б.Эрдэнэбаяр Гранд Слам ангилалаас хоёр дахь медалиа авч байна.
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Женко клубийн тамирчин ОУХМ Д. Номинзул IJF-ийн дэлхийн цувралаас анхны медалиа хүртсэн нь бахархалтай. Тэрбээр +78 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Их дуулга ангиалалаас хоёр медальтай нутаг нэгт ОУХМ А. Адъяасүрэнтэй барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялсан юм. Ийнхүү Монголын шигшээ баг 2 алт, 4 хүрэл медальтайгаар энэ удаагийн Их дуулгыг өндөрлүүлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг “Стэп Арэна”-д Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хүрэлцэн ирж уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээндээ “Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотод 2024 онд болох хүн төрлөхтний эв нэгдлийн бэлгэдэл Зуны олимпын 33 дугаар наадмын жүдо бөхийн албан ёсны анхны оноог олгож эхэлсэн "Улаанбаатар-2023" Их дуулга тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, Та бүхэнтэй дахин учран золгож байгаадаа баяртай байна. Манай улс 2009-2012 онуудад "Дэлхийн цом", 2013-2016 онуудад "Гран При", тэмцээнийг тус тус зохион байгуулж, улмаар 2022-2025 онуудад зэрэглэл ахиж "Их дуулга" тэмцээнийг зохион байгуулахаар болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 онд анх удаа зохион байгуулагдсан өндөр зэрэглэлийн тус тэмцээнд 30 орны 255 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бол энэ удаад 47 орны 350 гаруй тамирчин оролцохоор болж, жилээс жилд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна. Их дуулга тэмцээн Улаанбаатар хотод зохион байгуулснаар дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж ур чадвараа дээшлүүлэх олон улсад эх орноо суртчилах, хүүхэд залуусын жүдо бөхөөр хичээллэх дур сонирхлыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Бид дэлхийн олон оронтой найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхдээ спортын бүх төрлийн үйл ажиллагаа, уралдаан тэмцээн, наадмыг идэвхтэй дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч дэмжих болно.
Манай ард түмэн эрт үеэс хүчит бөхчүүдээ дээдлэн хүндэлж, монгол бөхийн барилдаанаа эрийн гурван наадмын нэг гол төрөл хэмээн эрхэмлэж ирсэн нандин уламжлалтай. Тийм ч учраас дэлхийн спортын тавцанд үзүүлсэн, монголчууд бидний анхдагч, бас оргил амжилтууд бөхийн төрлүүдтэй холбогддог. Өрсөлдөгчид маань ч Монгол орныг бөхийн орон хэмээн зүй ёсоор хүлээн зөвшөөрдөг билээ. Дэлхийн бөхийн төрлүүд дундаас манай ард түмэн хүндлэл ёс суртахууны үлгэрлэл, хурд хүчний гайхамшиг болсон жүдо бөхийн барилдааныг шимтэн үзэх дуртай.
Биеийн тамир, спортоор дамжуулан хүн төрлөхтөн хоорондоо нөхөрлөл, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг бий болгож, батжуулан бэхжүүлдэг соёл тогтжээ. Биеийн тамир, спорт бол андлал нөхөрлөлийн түлхүүр гэж би боддог. Дайн дажин, өвчин зовлонгүй байж, бие биедээ харилцан зочилж, хамтаар хөгжин дэвших нь бид бүгдийн хүсэл зорилго мөн. Их спортоор дамжуулан эв нэгдэл, энх тайвныг сурталчлах, олимпизмыг дэлгэрүүлэх үйлс өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна. "Улаанбаатар Их дуулга" тэмцээнийг манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулахаар шийдэж, хүлээлгэсэн итгэлээ бататгаж байгаад Олон Улсын Жүдо Бөхийн Холбоонд гүн талархал илэрхийлье” гэсэн байна.
Төгсгөлд нь нэг зүйлийг дуулгахад дэлхийн чанартай том тэмцээнийг "Мөсөн өргөө"-нийхөн маш хариуцлагатай сайн зохион байгуулсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Энд ямар ч арга хэмжээ яг цагтаа эхэлдэг нь ёс болсон бөгөөд бусад уралдаан тэмцээн зохион байгуулагчид хэрэгжүүлмээр санагддаг юм.