АНУ-ын Төрийн департаменттай Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-06-28 08:34:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбай нийт нутаг дэвсгэрийн 75 хувийг эзэлж байна.


Цаашид Монгол Улс өөрийн ашигт малтмалын хэтийн төлөвийг судалж, дэлхийн хэмжээнд нийлүүлэлт дутмаг ашигт малтмалыг олборлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа юм.


Энэ талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе В.Фернандес, БНСУ-ын Гадаад харилцааны хоёрдугаар дэд сайд Ли До Хун  нарыг хүлээн авч уулзах үеэр мэдээллээ. Уулзалтаар уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт татах, ашигт малтмалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгын хүрээнд чухал ашигт малтмалыг онцлон хэлэлцлээ.


Чухал ашигт малтмалыг олборлох чиглэлээр АНУ, БНСУ-тай хамтран ажиллаж байна.


Мөн “Монгол Улс дэлхийн чухал ашигт малтмалын нөхцөл байдал сэдвээр илтгэл тавив. Мөн Монгол Улсын талаас эрчим хүчний чиглэлээр Засгийн газар хоорондын байнгын хамтын ажиллагааны салбар комисс байгуулах, газрын тос, байгалийн хийн хайгуулын чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцаж, салбарын мэргэжлийн боловсон хүчнийг богино хугацаанд чадавхжуулах зорилгоор холбогдох мэргэжилтэнг Монгол Улсад ажиллуулах хүсэлтэй байгааг уламжиллаа.


Уулзалтын хүрээнд АНУ-ын Төрийн департамент болон Монгол Улсын УУХҮЯ хооронд Эрдэс баялгийн салбарын хөгжил, засаглалд хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичгийг байгуулснаар чухал ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэх чиглэлээр туршлага хуваалцах, АНУ-аас Монгол Улсад энэ талаар техникийн болон зохицуулалтын мэргэжлийн туслалцаа үзүүлэх бүтцийг бий болгох талаар УУХҮЯ-наас мэдээллээ.


Мөн Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарын хамтын ажиллагааны тухай АНУ-ын Хөдөлмөрийн яамны Уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн алба болон УУХҮЯ-ны салбарын хяналтын газар хамтран ажиллахаар боллоо. Санамж бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд АНУ-д айлчлах үеэр зурах аж.

相关新闻