Хүүхдийн спортын их наадмын эргэн тойронд
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн спортын зуны YII наадам Баянхонгор аймагт энэ сарын 19-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөж, хаалтаа хийх тус их наадамд оролцогчид 197 жин, зайд 1500 медалийн төлөө өрсөлдсөн билээ. Нийт 23 төрөлд 6000 орчим хүүхэд өрсөлдсөн бөгөөд тэмцээний эргэн тойронд сонин содон үйл явдал их байна. Тухайлбал, усан сэлэлтийн төрөлд гэхэд аймаг, дүүргийн нийт 18 багийн 91 тамирчин араар даллах, өврөөр даллах, мэлхий сэлэлт, далайн гахай сэлэлт гэсэн 4 төрөлд 50, 100, 150 метрийн зайд уралдахаас гадна эрэгтэй, эмэгтэй буухиа, холимог буухиа гэсэн 3 төрлөөр нийт 27 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Энэ тэмцээний дүн гарахад нийслэлийн Хан-Уул дүүргийн “Орчлон” сургуулийн тамирчин Э.Эрхэс усанд сэлэлтийн ганцаарчилсан төрөлд 12, багийн төрөлд нэг алтан медаль хүртсэнээр хүүхдийн спортын зуны Vll наадмыг 13 алтан медальтай өндөрлүүлж байна.
Мөн боксын төрөлд охидын 46 кг-ын жинд Хан-Уул дүүргээс оролцсон А.Амина бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө дутуу гаргаж, алтан медаль хүртсэн. 14 настай Амина боксын спортоор жил гаруйн хугацаанд хичээллэж байгаа ч 12 тэмцээнд дараалан алтан медаль хүртсэн супер амжилтыг үзүүлээд байна.
Тэрбээр
энэ жил өсвөр үе, залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн, “Олимпийн
гараа”, Монголын хүүхдийн спортын зуны VII наадам гээд дөрвөн том тэмцээнд дараалан
түрүүлсэн юм.
Түүнийг
“Бээжин-2008” олимпийн мөнгөн медальт, боксын анхны дэлхийн аварга, хөдөлмөрийн
баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбатай ижил төстэй техниктэй хэмээн боксын
мэргэжилтнүүд үнэлдэг байна.