Дэлхийн тулгамдсан асуудал дахь эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхийг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-06-29 18:35:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Монгол Улсад Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг анх удаа зохион байгууллаа.


Уулзалтаар сайд нар, сайд нарын түвшний төлөөлөгчид олон улсад анхаарал татаад буй уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоог хөндөн хэлэлцлээ.


Дэлхий нийтэд тулгамдаад буй дээрх асуудлууд дахь өөр өөрийн орны оролцоо, хувь нэмрийг ярилцан хэрхэн шийдэж, дэмжих талаар сайд нар санал бодол, байр сууриа хуваалцлаа.


Уулзалт үдээс хойш өндөр түвшний яриа хэлэлцээгээр үргэлжилж, уулзалтын төгсгөлд зохион байгуулагчдаас хэвлэлийн бага хурал хийсэн юм.


Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд А.Бербок, Франц Улсын Гадаад хэргийн сайд К.Колонна, Индонез улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди, Лихтенштайн улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Д.Хаслер, Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Н.Пандор нарын 6 улсын Гадаад хэргийн сайд нар оролцож уулзалтыг зохион байгуулж, таатай хүлээн авсан Монгол Улсын Засгийн газар, ГХЯ-нд талархаж буйгаа илэрхийлэн уулзалтын талаар болон феминист гадаад бодлогын талаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийлсэн юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Бид уулзалтаараа өнөөдөр дэлхий нийтэд тулгамдаж буй, геополитикийн нөхцөл, аюулгүй байдал, байгалийн болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй, гамшгийн болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон зүйлийн талаар хэлэлцсэн. Эдгээр нь цаг үеэ олсон, ач холбогдолтой асуудлууд юм" гэдгийг тэмдэглэн хэлэв.


Тухайлбал, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн сайд А.Бербок хэлэхдээ, “Өнөөдөр дэлхий нийтэд эмэгтэйчүүдийн асуудал хурцаар тавигдаж буй учир бид нийтлэг ашиг сонирхлоор нэгдэж байна. Ихэнх улс орны нийт хүн амын 50 хувь нь буюу дэлхий нийтийн тэн хагасыг бүрдүүлж буй эмэгтэйчүүд тэгш эрхээр, боломж бололцоогоор хангагдах нь зүй ёсны хэрэг“ юм гэдгийг цохон тэмдэглэсэн. Тэрбээр, энхийн нөхцөлд ч тэр, дайн мөргөлдөөн зөрчил гарч буй, явагдаж байсан газар нутагт оршин суугаа эмэгтэйчүүдийн эрх ашгийн асуудал бүр их ач холбогдолтой болж ирж буйг онцолсон юм.

Феминист гадаад бодлогын хувьд эмэгтэйчүүдийн эрх, аюулгүй байдлаас эхлээд олон зүйлийг тусган хамгаалсан нийтлэг ач холбогдолтой үзэл баримтлал юм. Эмэгтэйчүүд аюулгүй бол улс орон аюулгүй байх баталгаатай гэдгийг онцолсон юм. Харин Индонез улсын Гадаад хэргийн сайд Ретно Л.П.Марсуди хэлэхдээ, энэ бол тэгш эрхийн талаарх зөв оновчтой бодлого хэмээн тодотголоо.


Франц улсын Гадаад хэргийн сайд К.Колонна хэлэхдээ, тэгш эрхийн төлөөх тэмцэл бол бүх үндэслэл байгаа учир энэ нь туйлын үндэслэлтэй бөгөөд шударга ёсны төлөө тэмцэл байх ёстой.  Манай улсаас олон улсын эмэгтэйчүүдэд үзүүлж буй бодит дэмжлэг нь тэдний эрхийг хамгаалагч, мянга гаруй ТББ-ын үйл ажиллагааг хамаарах учир үүнд бид баяртай байна. Феминист чиглэлийн, дипломат харилцаа буюу гадаад бодлогын ач холбогдол туйлын өндөр хэмээн харж буй”-гаа илэрхийлсэн юм. 

Гадаад хэргийн эмэгтэй сайд нар энэ үеэр Улаанбаатарын уулзалтаар хэлэлцсэн, дэлхийн тулгамдсан асуудал дахь эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхийг уриаллаа.


Чуулга уулзалтын үеэр уг арга хэмжээг 5 жилд нэг удаа зохион байгуулж байх санал санаачилга гарав.



Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцож буй эрхэм төлөөлөгч, зочид уулзалтын хоёр дахь өдөр “Чингис хаан”-ы музейг үзэж сонирхон, төлөөлөгчдийн тэргүүн нарыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан Монгол Улсын Их хурлын чуулганы үйл ажиллагаатай танилцуулах юм. 

相关新闻