Валютын захын үйл ажиллагааны эрхзүйн орчныг боловсронгуй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гарч ажлаа эхэлсэн байна.
Төв банкны хараат бус байдлыг бүрэн хангаж, засаглалыг сайжруулах шаардлага тулсныг өнгөрсөн хугацаан дахь бодлогын алдаатай үйл ажиллагаанууд тод харуулсныг албаныхан онцолж байна. Тиймээс цаашид мөнгөний тогтвортой байдлыг хангаж ажиллах үндсэн зорилтоо хадгалах үүднээс дээрх хуулинд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд тодотгов. Мөн Монголбанк Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг ажилдаа оржээ. Түүнчлэн валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчлэн найруулах аж. Валютын нэгдсэн зохицуулалтын талаарх төрийн байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж, валютын гүйлгээ, валютын захын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавихтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байгааг Монголбанкнаас мэдэгдлээ.
Б.Заяа