Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулагч нар холбогдож, харилцан хөрөнгө татахад чухал хувь нэмэр оруулсан форум боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн
форум-2023” “Welcome to Mongolia”
уриан дор Улаанбаатар хотноо хоёр өдөр болж өнөөдөр өндөрлөлөө.
Чуулганд нийт 2450 төлөөлөгч бүртгүүлэн оролцсон нь урд өмнөх чуулгануудаас хоёр дахин илүү оролцоог хангаж, гадаадын хөрөнгө оруулагч нар, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид анх удаа өргөнөөр оролцжээ.
Монгол Улсын Шадар сайд Ч.Хүрэлбаатар форумыг хааж хэлсэн үгэндээ форумын үйл ажиллагааг дүгнэн, эндээс гарч буй зөвлөмжүүдийг товч танилцуулав.
Тэрбээр чуулганы хүрээнд Монгол
Улсын Засгийн газраас ЭЗХЯ-ны
харьяанд Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын Байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулж
буйг тус тус зарлаж, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсны дүнд зарим
компани, ААН-ийн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулсныг мэдээллээ.
Эдгээр бүх үйл ажиллагаа
нь Төр-хувийн хэвшлийн түншлэлийн ойлголцлыг дээшлүүлэх болон хөрөнгө оруулагч
нарын дунд нетворк сүлжээ үүсгэж, харилцан хөрөнгө оруулахад чухал хувь нэмэр бүхий
арга хэмжээнүүд болсныг онцлов.
Чуулганы үндсэн 4 нэгдсэн
хуралдаан, салбар 16 хуралдаанаас нэгдсэн байдлаар 400 гаруй санал зөвлөмж
гарсныг тэрбээр нэгтгэн танилцуулав. Үүнд:
- Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого: Эдийн засаг дахь
төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, гадаадын хөрөнгө
оруулагчдын эрх ашгийг хамгаалах,
- Монголын эдийн засаг ба тогтвортой хөгжил: Монгол Улс
хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж буйг олон улсад сурталчлан таниулах,
- Шинэ ирээдүй-Шинэ боломж: 2012 оны эдийн засгийн өсөлтийг
дахин давтах боломж бүрдсэнийг онцлов. Тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэхийн
тулд хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбараа дэмжин ажиллах,
- Хотын хөгжил: Хотын хөгжлийг хязгаарлаж буй хуулиудад өөрчлөлт оруулах, олон улсад ногоон бонд гаргах, хотын бие даасан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг санал, зөвлөмж гарчээ.
“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлого” сэдвээр болсон нэгдсэн хуралдаанаас эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшил үр ашигтай ажиллах салбарт төр оролцохгүй байх, хувийн хэвшлийг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэхийг зөвлөлөө. Мөн Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар энэ талын эрх зүйн тогтвортой орчныг бий болгож ажиллах талаар санал гарлаа.
“Монголын эдийн засаг ба Тогтвортой өсөлт” нэгдсэн хуралдаанаар Монгол Улс хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж байгааг дэлхий нийтэд таниулж, энэ талаар сурталчлан ажиллахыг зөвлөв. Мөн цаашид ХАА-н болон сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажиллах нь тогтвортой өсөлтийг бий болгоно хэмээн үзэж буй талаар санал гарав. Түүнчлэн "Ногоон хөгжил-ногоон санхүүжилт"-ийн талаар олон улсад хийгдэж буй ногоон санхүүжилт, ногоон бонд гаргах, бие даасан санхүүжилтийн тогтолцоог бий болгон бэхжүүлэх талаар зөвлөмж гарчээ.
Эдгээр санал, зөвлөмжийг “Монголын Эдийн засгийн форум-2023”-ын ажлын
хэсгээс Засгийн
газрын хуралдаанд танилцуулж хэлэлцүүлэх юм. Мөн дараагийн
Эдийн
засгийн чуулган дээр үр дүнгээ танилцуулна
гэдгийг тэрбээр мэдэгдлээ.