ЗАВХАН: Тарваган тахлын нян илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-07-11 09:20:29

Улиастай /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт тарваган тахал илэрсэн байна.  Тодруулбал, 7-р сарын 7-ны өдрийн 12.20 цагийн үед аймгийн Зоонозын өвчин судлалын төвд тарвага олноороо үхсэн тухай дуудлага мэдээлэл иржээ.


Дуудлагын дагуу аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутаг, Мөсөнгийн ам хэмээх газарт ажиллаж, мэрэгч амьтны сэгээс дээж авч, нян судлалын лабораторид шинжилгээ хийсэн байна. Урьдчилсан шинжилгээгээр мэрэгч амьтны сэг болон бөөс, бүүрэгнээс тарваган тахлын нян илэрсэн гэв.


Нян судлалын шинжилгээний бүрэн хугацаа дуусаж, батлагдсан хариу өнөөдөр гарна.



Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг. Мэрэгч амьтад, тэдний бөөс бүүргээр дамжин халдварладаг, ихэвчлэн тунгалгийн зангилаа уушгийг хоёрдогчоор гэмтээдэг. Халууралт хурц хордлого бүхий зоонозын хурц халдварт өвчин юм.


Тарваган тахал үүсгэгч нянг зөвхөн тарваганд л байдаг гэсэн ойлголт иргэдийн дунд бий. Гэхдээ энэ нян нь бүх мэрэгч амьтанд байдаг. Ялангуяа бөөс, бүүргээр дамжин халдварлах эрсдэлтэй.

Тухайлбал, тахалтай тарвага болон мэрэгч амьтдыг хазсан бөөс, бүүрэг нь хүнийг хазахад тахал үүсэх эрсдэлтэй юм.



Тиймээс мэрэгч амьтны нүх, дош, сэг зэмээс хол явах, тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй, тарваганы түүхий эд, эрхтнийг хэрэглэхгүй, тарвагыг тээвэрлэх, хадгалахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.

Түүнчлэн тарвагыг нохойгоор бариулахгүй байх, мөн урхи, хавхаар агнахгүй, гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх, хүүхдийг тарваганы дошин дээр тоглуулахгүй байх, мэрэгч амьтан гэр орондоо орохоос сэргийлж тор хийх, май тавих, гэрийн нохойг байнга уяатай байлгах нь урьдчилан сэргийлэх арга юм. 


Хөдөө, хээр үхсэн, хөдөлгөөн удааширсан тарвага таарвал хүрч болохгүйгээс гадна энэ тухайгаа Зоонозын өвчин судлалын төвийн 7046-2432 дугаарын утсаар яаралтай мэдээлэхийг анхааруулав. Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөхийг зөвлөж байна.


Тарваган тахал өвчний улиралчлалтай холбоотойгоор иргэд голомтот бүс нутагт амралт, аяллаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авахгүй байхыг Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс анхааруулав.  

相关新闻