Жюү жицүгийн ДАШТ-ий шилдгүүдийн өрсөлдөөн болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-07-18 12:18:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баяр наадмын уур амьсгал намжаагүй байхад энэ сарын 15-нд Мөсөн өргөөнд эхэлсэн Жюү жицүгийн ДАШТ Улаанбаатар хотноо үргэлжлэн явагдаж байна.


2023 оны ДАШТ ОХУ-д явагдах байсан ч нөхцөл байдлын улмаас өөрчлөгдсөнөөс Монгол Улс ийнхүү 2022 оны дөрөвдүгээр сард ДАШТ зохион байгуулах эрхээ авсан юм.


Гадаадын 50 орны 600 гаруй тамирчид оролцож байгаа энэхүү тэмцээн Монголд 10 тэрбум төгрөгийн эдийн засгийн шууд үр нөлөө үзүүлж байгаа. Шууд бус үр нөлөө нь дэлхийн хэмжээнд Монгол Улсын нэр хүндийг өсгөж байгаа явдал юм.


Өнөөдөр насанд хүрэгчдийн нэ-ваза буюу ДАШТ-ий үндсэн өрсөлдөөн эхэлж байгаа. “Улаанбаатар-2023” ДАШТ-ий дөрөв дэх өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 85 кг, -94 кг, эмэгтэйчүүдийн 45 кг, -70 кг, +70 болон хосын төрлийн тэмцээнтэй. 94 кг-д манай шилдэг тамирчдын нэг, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Азийн жюү жицүгийн холбооны шилдэг  тамирчин Б.Гантулга ОХУ-ын тамирчинтай таарч, 8:2 оноогоор ялагдлаа.

Тэмцээний талаар тоймлон хүргэхэд, Жюү жицүгийн ДАШТ-ий эхний хоёр өдөр мастерс ангиллын тэмцээн болж, олон алдартнууд хүч сорьсон билээ. Энэ төрөлд нийт 16 орны тамирчид медаль хүртсэнээс Монголын тамирчид 10 алт, 13 мөнгө, 13 хүрэл медальтай тэргүүлсэн байна.

Харин ДАШТ-ий гурав дахь өдөр файтинг төрлийн эрэгтэйчүүдийн 62 кг, 77 кг, 94 кг, +94, эмэгтэйчүүдийн 63 кг, +70 кг болон шоу холимог төрлийн өрсөлдөөнүүд болсон билээ.

1, Тайландын баг  

2, Румыний баг

3, Монголын баг

3, Вьетнамын баг

Олон улсын Жюү жицүгийн холбоо (JJIF) нь хоригт ороод байсан орос тамирчдыг тэмцээн уралдаандаа орохыг зөвшөөрсөн анхны спортын холбоодын нэг. 2022 оны есдүгээр сараас орос тамирчдад зөвшөөрөл олгосон байна.  Тус холбооноос “ОХУ-ын тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс тэмцээн уралдаанд   JJIF холбооны нэр дор туг далбаа, сүлд дуулалгүйгээр оролцоно. Манай холбоо, тэмцээн уралдааныг зохион байгуулагчид бүх тамирчинд ижил тэгш, ялгаварлан гадуурхахгүйгээр ханддаг. Тамирчид аюул осолгүй, үнэн шударга өрсөлдөхийн төлөө боломжтой бүхнийг хийнэ. JJIF холбоо жюү жицүгийн ёс зүй, спортын зарчимд харш бүх зүйлийг таслан зогсооно” гэж мэдэгдсэн юм.  


Нийслэл Улаанбаатар хотод үргэлжилж байгаа Жюү жицүгийн ДАШТ-ий дэвжээн дээр ОХУ-ын тамирчид Жюү жицүгийн холбоо (JJIF) -ны нэрэн дор гарч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр нэ-ваза төрлийн 69 кг-д Булат Атласов, файтингийн 85 кг-д Коротких Евгений нар мөнгөн медаль хүртсэн билээ.

相关新闻