Транзит тээврийг хөгжүүлэхийн тулд үнэ тарифын зөв бодлого баримтлах хэрэгтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭМонгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын бүс нутгийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээврийн урсгалыг эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Танссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл”-ийн 25 дугаар нэгдсэн хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Хүн төрөлхтний барьж байгуулсан томоохон дэд бүтцийн нэг бол Танссибирийн төмөр зам юм. Уг төмөр зам Европ, Ази тивийг холбох гол коридор гэдгийг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрч, энэ чиглэлийг ашиглахад анхаарах болсон. Монгол Улсын төмөр зам ч Танссибирийн нэг хэсэг. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар манай орны төмөр замын салбарын хөгжлийн талаар түлхүү хэлэлцэж байна хэмээн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбат онцлов.
Тэрбээр, “Зүүн Хойд Азид төмөр зам өндөр түвшинд хөгжсөн. Гэтэл өмнөд болон хойд Солонгос зөрчилтэй тул дээрх хоёр орноор дамжин өнгөрдөг бүс нутгийн төмөр зам ажиллахгүй байгаа. Үүний улмаас хойд Солонгост төмөр замын харилцаа зогссон. Өмнөд Солонгос зөвхөн далайгаар тээвэрлэлт хийдэг. Тэгэхээр энэ асуудлыг ч өнөөдөр ярилцах ёстой. Ер нь төмөр замын тээвэр бол нэг орны нутаг дэвсгэрээр хязгаарлагдахаа больсон. Улс орнуудын төмөр замын хөгжлийн ялгаа нь хамтын ажиллагаанд ихээхэн саад болж байна. Мөн улс бүр өөр, өөр хууль, эрхзүйн зохицуулалттай байгаа нь томоохон хүндрэл учруулж байгаа юм Тиймээс дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй.
Дэлхийд хоёр улс орон царигийн зөрөөг арилгах асуудлыг шийддэг. Нэг нь Полш, нөгөөх нь Монгол. Полш бол Европын холбооны төмөр замын цариг, ОХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын царигийн ялгаанаас болж үүссэн ачааны шилжүүлэлтийг хийдэг. Монгол Улс ч үүнийг хийх цаг болсон. Монгол Улс Ази, Европын холбох дөт зам байтал Казахстан болон Манжуураар ачаа тээвэр илүү явж байгааг Герман, Полшийн илтгэгч нар ярьж байна. Бид ч өөрийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр явуулахад анхаарч ажиллаж байна. Монгол Улсад өнөөдөр байгаа болон ирээдүйд баригдах төмөр замыг дэлхийн улс орнуудын стандартад нийцүүлнэ. 2020 он гэхэд Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг хамгийн орчин үеийн тээвэр зохион байгуулалттай болгоно. Үүнд зориулсан техникийн шинэчлэлийг 2018 онд дуусгахаар төлөвлөж байна. Ингэснээр тээвэрлэлтийн хурд нэмэгдэнэ. Үүний үр дүнд Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэрлэлт 2018 оноос 10 сая тонноор нэмэх юм. Ингэж чадвал жилд 200 сая ам.долларын орлого олно. ОХУ-ын төмөр замын Ерөнхийлөгч Монгол Улс газар зүйн байршлын хувьд давуу байршилтай байгааг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс Монгол Улс тээвэр, худалдааны дундын бүс болох ёстой” хэмээв.
“Танссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бессонов Геннади, “Монгол Улс транзит тээврийг хөгжүүлэхийн тулд үнэ тарифын зөв бодлого баримтлах, дамжин өнгөрүүлэх төвүүдийг байгуулах хэрэгтэй. Тухайлбал, ОХУ, Беларусь, Казахстаны хамтарсан компани гурван улсад дамжин өнгөрөх тээврийн ижил тариф тогтоож өгдөг. Харин Монгол Улсын үнэ 20 хувиар өндөр. Тиймээс ОХУ, Беларусь, Казахстаны хамтарсан компанитай нэгдэх боломжтой” гэлээ.
“Улаанбаатар төмөр зам” 24-25 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. 2016-2018 онд техникийн шинэчлэл хийснээр тээвэрлэлтийн хүчин чадлыг 34 сая тонн хүргэх зорилтыг тавин ажиллаж байна. Мөн 2020 онд 48 сая тонн, 2030 онд 76 сая тонн болгохоор төлөвлөсөн. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр Монгол Улсын бүс нутагтаа оролцох эдийн засгийн үүрэг нэмэгдэж, манай орноор дамжуулан ачаагаа тээвэрлэж байгаа улсууд оффис, төвөө Монголд нээж, банкны гүйлгээ идэвхжиж, ачаа бараа нь хадгалах боломж бүрдэх юм.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр