УБЦТС: 14 мянга гаруй хэрэглэгчийн цахилгааныг залгаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-07-25 16:02:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБЦТС ТӨХК-иас ирүүлсэн шуурхай мэдээллээр үер, усны нөхцөл байдалтай холбоотойгоор цахилгааныг хязгаарлаад байсан 14.331 хэрэглэгчийн хэрэглээг өнөөдрийн 14.00 цагийн байдлаар сэргээгээд байна.


Тодруулж мэдээлвэл, өнөөдөр тус компаниас Баянгол дүүргийн спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн 29-р хорооны байр, 43-р хорооны 76-р байр, Хан-Уул дүүргийн 15-р хороо Рапид харш хотхоны 23, 24, 26 байрууд, 3-р хорооны 45В байрны нийт 804 хэрэглэгчийн хэрэглээг сэргээжээ.


Нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийт 55 дэд өртөө, 15052 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс таслаад байсан юм.


Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой орон сууцны 14 байрны 721 хэрэглэгч байна.


Эдгээрт Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 1, Баянзүрх дүүргийн 43-р хороонд 2, 6-р хороонд 1, Хан-Уул дүүргийн 3, 11, 19, 20-р хороонд 5, БГД-ийн 3, 5-р хороонд тус бүр 5 байр орж байна. Үлдсэн байршлуудад усаа шавхаж дуусвал цахилгаан эрчим хүчинд холбоход бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

相关新闻