Вьетнамын зураачид Монголд анх удаа уран зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Asia Art Link-тэй хамтран Вьетнам, Монгол хоёр орны соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зорилго бүхий “Өмнөдийн салхи” сэдэвт орчин цагийн Вьетнамын уран зургийн үзэсгэлэнг Монгол Арт Галерейд 7 дугаар сарын 29-нд нээлээ.
Наймдугаар сарын 2-ныг дуустал олон нийтэд нээлттэй байх энэхүү үзэсгэлэнд Ха Ной, Хай Фонг, Хо Ши Минь зэрэг хотод дүрслэх урлаг, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй орчин үеийн Вьетнамын дүрслэх урлагийн төлөөлөл болсон 20 орчим зураач уран зураг, график урлагийн бүтээлүүдээ олон нийтэд дэлгэн үзүүлж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам "Ирэх жил Вьетнам-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэхүү түүхэн ойг угтаж орчин үеийн Вьетнамын зураач, уран бүтээлчдийн уран зургийн хамтарсан үзэсгэлэнг Монголд дэлгэж, монголын ард түмэнд сонирхуулж байна. Хоёр орны харилцаа улс төр, эдийн засгийн өндөр түвшинд явж ирсэн. Үүнийг соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаар улам баяжуулж байгаадаа баяртай байна. Энэ үзэсгэлэн бол Монголд гаргаж байгаа Вьетнамын зураачдын анхны үзэсгэлэн. Өмнө нь ийм хэмжээний том, олон уран бүтээлчийг хамруулсан үзэсгэлэн Монголд гаргаж байгаагүй. Тийм учраас оролцож буй уран бүтээлчид маань ч, зохион байгуулсан бид ч сэтгэл хангалуун байна. "Өмнөдийн салхи" үзэсгэлэн хоёр орны соёл, хүмүүнлэгийн олон харилцааны эхлэл болж, цаашид энэ мэт олон арга хэмжээг зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“Өмнөдийн салхи" уран зургийн үзэсгэлэнд уран бүтээлчдийн амьдралын талаарх үзэл санаа, эрэл хайгуул, шинэлэг бүтээл туурвих хүсэл эрмэлзлийг уран сайхны хэлээр илэрхийлсэн, реализм, экспрессионизм, хийсвэрлэл зэрэг төрөл бүрийн хэв маягтай, байгаль эх, хүний дүр төрх, хөрөг зураг, натюрморт сэдэвтэй, зотон, тосон болон нийлэг, цаас, пастел, усан будаг, модон барын бүтээлүүд тавигджээ.
Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн, Asia Art Link-ийг үүсгэн байгуулагч Тринь Туан /TRINH TUAN/ бол Ханой хотод ажиллаж амьдардаг, лакан зургийн гол төлөөлөгч зураач юм. Багшлахын зэрэгцээ бие даасан болон хамтарсан үзэсгэлэн, олон улсын урлагийн арга хэмжээ, урлагийн хурал зөвлөгөөн, кураторын үзэсгэлэнг зохион байгуулдаг. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол зохион байгуулагчдын нэг тэрбээр Вьетнамын зураачдыг үзэсгэлэнг Монголд зохион байгуулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд "Энэ үзэсгэлэн бол Вьетнамын уран бүтээлчдийн Монголд гаргаж буй хамтарсан анхны үзэсгэлэн. Ийм төрлийн хамтын ажиллагааны суурийг тавьж өгч байгаа юм. Цааш цаашдаа уран зургийн олон үзэсгэлэн гарах байх хэмээн найдаж байна. Миний хувьд үзэсгэлэнд хоёр бүтээлээ авчирч тавьсан. Харамсалтай нь өөрийн гол бүтээлүүд болох лакан зургуудаасаа авчирч чадсангүй. Маш том хэмжээтэй болохоор тээвэрлэхэд хүндрэл учирсан. Гэхдээ дараа дараагийн үзэсгэлэнгүүдэд авчирч үзүүлнэ гэж найдаж байна" хэмээв.
Тэрбээр мөн лакан болон бусад уран зургийн бүтээлүүдээрээ Африкаас бусад бүх тивд уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан гэдгээ тодотгож байлаа.
Хай Фонг хотын бие даасан уран бүтээлч Буй Дуя Хань (BUI DUY KHANH) Монголд ирээд хоёр усан будгийн бүтээл туурвиснаа үзэсгэлэнд тавьсан байна. Монголын уламжлалт нүүдэлчин ахуйг онцлон дүрсэлсэн бүтээлүүдийнхээ талаар тэрбээр “Би Вьетнамаас үзэсгэлэнд тавихаар хоёр зураг авчирсан. Энд ирээд байж байхдаа бас хоёр зураг зурчихлаа. Ингээд дөрвөн бүтээлээ үзэсгэлэнд дэлгэлээ. Монголд ирээд энэ хоёр зургийг шууд л зурсан. Нэгийг нь Тэрэлжид, нөгөөг нь Монгол Номадикт зурсан. Монголын онцлог бол гэр, морь хоёр юм байна гэж мэдэрлээ. Үүнийг энэ хоёр зурагтаа тусгасан. Монголын ахуй соёл, байгаль үнэхээр гайхамшигтай байна” хэмээн ярив.
Энэхүү үзэсгэлэнд Монголоос ганц зураач оролцож буй нь У.Батзаяа. Тэрбээр Вьетнамд дүрслэх урлагийн чиглэлээр 9 жил орчим хугацаанд суралцаж төгссөн, урлаг, уран зургийн хөгжлийг дэргэдээс нь харж байдаг уран бүтээлч юм. Тиймдээ ч вьетнам зураачдын үзэсгэлэнг Монголдоо гаргах юмсан гэж мөрөөдөж явжээ.
“Вьетнам бол Зүүн өмнөд Азидаа тосон будаг, лакан зургаараа их алдартай, дээгүүр үнэлэгддэг орон. Ази төдийгүй дэлхийд алдартай уран бүтээлчид олонтой. Миний хувьд 2014-2022 онд Вьетнамд дүрслэх урлагийн их сургуульд суралцсан. Сурч байхаасаа л Монголдоо вьетнам уран бүтээлчдийн үзэсгэлэн гаргахсан гэж мөрөөддөг байлаа. Бас вьетнам зураачдыг Монголдоо авчирч монголынхоо гоё ахуй орчин, байгаль зэргийг зуруулахсан гэж хүсдэг байлаа. Энэ үзэсгэлэнгээр миний мөрөөдлийн нэг хэсэг биелж байна гэж болно. Цаашдын олон олон үзэсгэлэн, хамтарсан уран бүтээлийн үүд хаалга үүгээр нээгдэж байна гэж харж байна. Үзэсгэлэнд оролцож буй зураачид маань Монголд байх хугацаандаа монголын талаар олон судалбар хийж, уран бүтээлээ баяжуулж байна. Зарим бүтээл, судалбараа энэ үзэсгэлэнд дэлгэж тавьсан байгаа” хэмээн зураач У.Батзаяа ярилаа.
"Өмнөдийн салхи" үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс
“Өмнөдийн салхи” үзэсгэлэнд оролцогч Вьетнамын уран бүтээлчид
LUONG LUU BIEN (1975 онд төрсөн)-Хо Ши Минь хотын бие даасан уран бүтээлч, Хо Ши Минь хотын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн. Түүний бүтээлүүд нь хүний дүрсийг тосон будгаар зотон дээр дүрслэн харуулдаг ба тэрбээр дотоод, гадаадад олон арван бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргаж, Хо Ши Минь хотын Дүрслэх урлагийн нийгэмлэг, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн олон шагналыг хүртсэн.
NGUYEN THU HA (1978 онд төрсөн)-Ханой хотын бие даасан уран бүтээлч. Түүний усан будгаар урласан реалист хэв маягаар зурсан зургууд нь дотоодын олон үзэсгэлэнд тавигдсан.
DINH QUANG HAI (1979 онд төрсөн)-Ханой хотын бие даасан уран бүтээлч. Тэрбээр Ханойд хоёр удаа бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргасан. Түүний уран бүтээлийн хэв маяг нь поп, сюрреалист хоёрын холимог юм.
CONG KIM HOA (1962 онд төрсөн)-Ханой хотын бие даасан уран бүтээлч. Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн. Лакан будгаар, хийсвэр хэв маягаар дагнасан тэрбээр гадаад, дотоодод бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргасан ба түүний бүтээлүүд нь үндэсний сан хөмрөгийн цуглуулгад хадгалагдан үлджээ.
NGUYEN CONG HOAI (1984 онд төрсөн)-Хо Ши Минь хотын бие даасан уран бүтээлч, дотоод болон олон улсад бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргасан. Тэрбээр экспрессионист бөгөөд бүтээл нь зотон дээр тос, акрилаар туурвидаг.
BUI DUY KHANH (1972 онд төрсөн)-Хай Фонг хотын бие даасан уран бүтээлч. Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн, Вьетнам дахь Олон улсын усан будгийн холбооны ерөнхийлөгч. Түүний бүтээлүүд гол төлөв усан будгаар, реалист, импрессионист хэв маягтай, гадаадын олон оронд үзэсгэлэнд оролцож, олон шагнал хүртсэн ба түүний бүтээлүүд олон музейн сан хөмрөгт хадгалагдан үлджээ.
PHAM THI NGOC KHUE (1948 онд төрсөн)-Ханой хотын бие даасан уран бүтээлч. Бодит хэв маягаар пастел болон тосон натюрмортоор мэргэшсэн ба энэхүү үзэсгэлэнд хоёр уран бүтээлээрээ оролцож байна.
VU BACH LIEN (1976 онд төрсөн)-Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн, Ханой хотын бие даасан уран бүтээлч тэрээр график урлагийн чиглэлээр мэргэшсэн, дотоодын болон олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн олон шагналыг хүртсэн.
NGUYEN LINH (1961 онд төрсөн)-Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн, Ханой хотын бие даасан уран бүтээлч бөгөөд дотоод болон гадаадад бие даасан болон хамтарсан олон үзэсгэлэн гаргасан. Тэрбээр төрөл бүрийн хэв маягаар бүтээлээ туурвидаг бөгөөд хамгийн тод илэхийлэл нь экспрессионист хэв маяг юм. Түүний олон бүтээл цуглуулганд орсон.
TRAN MANH LINH (1981 онд төрсөн)-Зураач, Ханой Үйлдвэрлэл, урлагийн Их сургуулийн багш, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн бөгөөд додоодын болон бүс нутгийн олон үзэсгэлэнд оролцсон. Түүний бүтээлүүд реалист-импрессионист хэв маягтай.
TRINH LU (1948 онд төрсөн)-Ханой болон Америкт бие даан уран бүтээлээ туурвидаг. Түүний бүтээлүүд байгаль эх, хөрөг зураг, натюрморт гэх мэт “харж зурах” хэв маягаар бүтээгдсэн. 1993, 1994 онуудад Нью-Йоркийн Итака, 2015, 2017, 2022 онуудад Ханой хотод, 2018 онд Милуоки, Висконси-д тус тус бие даасан үзэсгэлэн гаргасан.
TONG NGOC (1985 онд төрсөн)-Ханой хотын бие даасан уран бүтээлч. Торгон материал дээр усан будгаар, реалист ба сюрреалист хосолсон хэв маягаар мэргэшсэн, дотоодын болон олон улсын олон үзэсгэлэнд оролцсон. Үндэсний залуу уран бүтээлчдийн наадмын шагналыг хүртэж байсан.
VU HUY THONG (1974 онд төрсөн)-Ханой хотод ажиллаж, амьдардаг. Вьетнамын дүрслэх урлагийн их сургуулийн зураач, дүрслэх урлаг судлаач мэргэжилтэй. Тэрбээр багшлах, куратор хийх, үзэсгэлэн зохион байгуулах, эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх зэрэг олон янзын ажил эрхэлдэг.
DANG TIEN (1963 онд төрсөн)-Хай Фонг хотын бие даасан, Хай Фонгийн дүрслэх урлагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн; дотоод болон гадаадад олон бие даасан болон хамтарсан үзэсгэлэн гаргасан. Түүний хэв маяг нь экспрессионист-реалист хосолсон байдаг бөгөөд олон бүтээл нь үндэсний сан хөмрөгийн цуглуулганд байдаг, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн олон шагнал хүртсэн уран бүтээлч.
TRINH TUAN (1961 онд төрсөн)-Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн, Asia Art Link-ийг үүсгэн байгуулагч ба Ханой хотод ажиллаж, амьдардаг. Тэрбээр багшлах, бие даасан болон хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, олон улсын урлагийн арга хэмжээ, урлагийн хурал зөвлөгөөн, кураторын үзэсгэлэнг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг. Түүний бүтээлүүд ихэвчлэн лакаар хийгдсэн ба гадаад, дотоодод танигдан олон шагнал хүртэж, олон бүтээл нь үндэсний сан хөмрөгийн цуглуулганд байдаг.
NGUYEN NGOC TUAN (1981 онд төрсөн)-Ханой хотод ажиллаж, амьдардаг, Ханой хотын кино урлаг, драмын Их сургуулийн багш, Вьетнамын дүрслэх урлагийн нийгэмлэгийн гишүүн бөгөөд дотоод болон гадаадын олон үзэсгэлэнд оролцсон. Түүний уран зургийн хэв маяг нь реалист, экспрессионист хоёрын хослол юм.
TRINH NHAT ANH (2000 онд төрсөн)-Вьетнамын үндэсний консерваторийг төгссөн, Ханой хотын залуу хөгжимчин, Ханой хотод зохиогдсон олон улсын хөгжмийн авьяастнуудын наадамд хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурчаар оролцож байсан. Trinh Nhat Anh нь үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, Монгол талтай хамтран хөгжмийн хэсгийг хариуцаж байна.
PHAM LONG (1960 онд төрсөн)-Ханой хотын дүрслэх урлаг судлаач, олон тооны судалгааны ном товхимол хэвлүүлсэн, орчуулагч; урлагийн олон арга хэмжээнд ажиглагч, куратор, зохион байгуулагчаар идэвхтэй оролцдог. Тэрбээр энэхүү үзэсгэлэнгийн хэвлэл мэдээллийн ажлыг хариуцаж байна.
Гэрэл зургийг Б.Чадраабал