Увс нуурын эрэгт стандартын шаардлага хангасан отоглох цэг ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс нуурын эрэгт стандартын шаардлага хангасан байнгын ажиллагаатай отоглох цэгийг 2018 оноос ажиллуулж, 15 төрлийн үйлчилгээ үзүүлж байна.
Энэ газарт нэг тонны багтаамжтай 11 хогийн сав, ариун цэврийн 2 байгууламж байдгийг тогтмол цэвэрлэж, жуулчдын тав тухыг хангадаг аж.
Жил бүр 5 дугаар сарын 16-наас 11 дүгээр сарын 1-ний хооронд тус нуурыг үзэхээр 10000 орчим жуулчин зорин
ирдгийг БОАЖЯ мэдээлэв.
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн
хамгаалалтын захиргаа нь Увс нуур 441223 га, Цагаан шувуут уулын дархан цаазат
газар 33304 га, Түргэн уулын дархан цаазат газар 130273 га, Ачит нуур-дэвэлийн
арлын байгалийн цогцолборт газар 211552 га, Тэсийн голын байгалийн нөөц газар
103000 га, Мөнгөтцахир байгалийн дурсгалт газар 630 га талбайг 28 ажилтан,
байгаль хамгаалагч хариуцан ажилладаг.
Увс нь Төв Азийн хээр тал нутаг дахь гүехэн устай ханасан давст нуур, Азийн нүүдлийн шувуудын амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Увс нуурын ай сав газарт олон төрлийн шувуу, мэрэгч болон ирвэс, аргаль угалз, янгир зэрэг ховордсон ан амьтан байдаг. Энэ газар нь бүс нутгийн биологийн олон төрөл зүйлийг хамгаалахад чухал үүрэгтэй, дэлхий дахины үнэ цэнтэй байгалийн хосгүй гайхамшигт өв юм. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Хөндлөн, Сагиль, Боршоо, Хандгайт, Торхлиг зэрэг их бага 38 гол цутгадаг бөгөөд нуурын хойд үзүүр нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад байрладаг.