"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" хагас жилд 20-иод мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-09 11:57:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь энэ оны эхний хагас жилд 12,2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үйлдвэрлэлийн төлөвлөгөө давуулан биелүүлжээ.


Тус үйлдвэр нь эхний хагас жилд 18,589 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 103 хувиар биелүүлсэн бол 601,552 тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж, уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөгөө 93,6 хувьтай гүйцэтгэсэн байна.


Энэ оны эхний хагас жилийн байдлаар “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлгүй үйл ажиллагаа явуулжээ. Өртөг, зардал бууруулах чиглэлээр цувих булны ашиглалтыг нэмэх, өрөмдлөг тэсэлгээний ажлын менежмент, шааргын шанагыг цутгуурын бус аргаар хийхэд нийт 295 сая, үйлдвэрлэлийн бүх шатанд түүхий эд материалын орц нормыг хэмнэж, технологи үйл ажиллагааны сайжруулалтын үр дүнд 1,9 тэрбум төгрөгийн хэмнэжээ.


Сүүлийн хагас жилд уул уурхайн үйлдвэрлэлийн хувьд 1,5 сая тонн гаруй хөрс хуулж, 940 мянган тонн хүдэр олборлохоор төлөвлөж байгаа бол 14400 тонн цувимал ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 15,408 тонн хаягдал төмөр боловсруулах, 15500 гаруй бэлдэц үйлдвэрлэхээр төлөвлөснөө мэдээлэв.

相关新闻