ДНБ 23.6 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-18 13:35:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2022 онд ААНБ-ын жилийн эцсийн тайлан, судалгаанд үндэслэсэн тооцоогоор, оны үнээр 53.9 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 10.3 (23.6 хувь) их наяд, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 28.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.4 (5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.


ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 онд өмнөх оныхоос 1.6 хувиар, 2022 онд 5 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдээлэв.

ДНБ 2021 онд 1.6 хувиар өссөний 1.8 нэгж хувийг үйлчилгээний салбар, 1.3 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлж байсан бол 2022 онд 5 хувиар өссөний 3.2 нэгж хувь нь үйлчилгээний салбарт, 1.7 нэгж хувь нь хөдөө аж ахуйн салбарт ногдож байна.


Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 онд 4.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 456.1 (12 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь ДНБ-ий өсөлтөд 1.7 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлжээ. Үүнд нас гүйцсэн малын зүй бус хорогдол 667.5 мянга болж, өмнөх оныхоос 2.3 (77.8 хувь) саяар буурч, бойжуулсан төл 25.4 сая болж, өмнөх оныхоос 5.1 (25 хувь) саяар өссөн нь голлон нөлөөлсөн аж.


Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 онд 3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 564.7 (15.3 хувь) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд газрын тосны олборлолт өмнөх оныхоос 45, зэсийн баяжмалын олборлолт 10.3 хувиар буурсан нь нөлөөлсөн байна. 


Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 онд 4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 227.2 (6 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Ийнхүү өсөхөд боловсруулах үйлдвэрлэлийн нэмэгдэл  өртөг 6.1 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлжээ. 

相关新闻