3, 4 дүгээр ангийн сурагчид математикийн сургалтыг дэмжих “Eduten” платформыг ашиглана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын амжилтаар дэлхийд тэргүүлэгч Финланд улсын “Eduten” математикийн сургалтыг дэмжих платформыг 2022-2023 оны хичээлийн жилд амжилттай туршиж, нийслэл, аймаг, сумын 9 сургуулийн 15 бүлгийн 520 сурагчийг хамруулжээ.
Финландын экспертүүд энэ зун манай улсад ажиллаж, туршилтын үр дүнг нэгтгэн, тайлан мэдээллийг БШУЯ-нд хүлээлгэн өгсөн байна. Туршилтын эцсийн үр дүнгээс үзэхэд, суралцагчдын математикийн ур чадвар дунджаар 21.7 хувийн ахицтай гарсан ба энэ нь хяналтын бүлгийн сурагчдынхаас ойролцоогоор 4 хувиар илүү буюу тус платформ суралцагчдын математикийн ур чадварын хөгжилд эерэг нөлөө үзүүлсэн байна.
Судалгаанд хамрагдсан сурагчдын 98.5 хувь, эцэг, эх, асран хамгаалагчдын 89.7 хувь, багш нарын 86.6 хувь, удирдах ажилтнуудын 90.5 хувь нь математикийн сургалтын чанарыг сайжруулахад бодит дэмжлэг болж байна гэж үзсэн аж. Түүнчлэн багшийн ачааллыг бууруулахад бодитой дэмжлэг үзүүлсэн тул энэхүү платформыг цаашид сургалтад ашиглах боломжтой гэж дүгнэсэн байна. Ийнхүү туршилт амжилттай хэрэгжсэн тул 2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 3, 4 дүгээр ангийн сурагчдыг уг хөтөлбөрт бүрэн хамруулахаар болсон аж.
Энэхүү платформ нь математикийг тоглоомын аргаар ойлгож авах, нэг бодлогыг олон аргаар бодож, асуудал шийдвэрлэх чадварт бие даан суралцах, хүүхдийг өөрөө суралцахуйн процессоо удирдах чадвартай болгодгоос гадна багшийн хэрэглэгдэхүүн бэлдэх, анализ боловсруулах ажлын ачааллыг хөнгөлж, сурагчдын суралцах явцын тоон мэдээллийг шууд харуулдгаараа онцлогтой.
“Eduten” платформ нь хиймэл оюун ухаанд суурилсан байдлаар боловсруулсан 200 мянга гаруй математикийн дасгал, даалгаврын сантай, багш нарын ажлын ачааллыг бууруулах, математикийн хичээлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ач холбогдолтой ухаалаг систем юм. Уг платформ нь ЮНЕСКО-ийн хиймэл оюун ухаанаар дамжуулж боловсролыг дэмжих шилдэг туршлагыг нэвтрүүлсэн бүтээлд олгодог “Боловсролын төлөөх ICT” шагналыг 2020 онд, ЮНИСЕФ-ийн “Онцлох Edtech” шагналыг 2022 онд тус тус хүртсэн.
Өнөөдөр дэлхийн 50 гаруй орны 1,3 сая багш, сурагч англи, япон, испани, португал, эстони, украин, вьетнам зэрэг олон хэлээр энэхүү ухаалаг системийг ашиглаж байна.