Нийслэлийн бонд гаргах хүсэлтээ СЗХ, МХБ-д хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-24 17:16:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилго бүхий нийслэлийн бонд гаргах хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржид хүргүүллээ.


Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, журамд нийцүүлэн Улаанбаатар хот нь 500 тэрбум хүртэлх төгрөгийн бондыг нийтэд санал болгохоор төлөвлөөд байгаа.


Бонд гаргах замаар татан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийслэлийн төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зэрэг стратегийн томоохон ач холбогдолтой төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэн, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэхэд зарцуулна гэдгийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 


Улаанбаатар бондын андеррайтераар салбартаа тэргүүлэгч “БиДиСЕК ҮЦК” ХК ажиллаж байна. Тус компани нь 32 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, Монголын хамгийн өндөр дүнтэй компанийн бонд, М&А хэлцэл, анхны давхар бүртгэл, банкны IPO зэрэг томоохон төслүүдэд хөрөнгө оруулалтын зөвлөх, тэргүүлэх андеррайтераар ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн байгууллага аж.

相关新闻