Боловсролын салбарт таван цогц реформыг эхлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс шинээр баталсан Боловсролын багц хууль, эрх зүйн орчинд анхны хичээлийн жилийг эхлүүлж байна. Үүнтэй холбогдуулан салбарын удирдлагууд, багш нарынхаа хамтаар хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон Дээд боловсролын тухай хуулиудыг “Боловсролын шинэ сэргэлт” чуулганы үеэр хүлээж авлаа.
Эдгээр хуулиар боловсролын салбарт 5 цогц реформыг эхлүүлж байна. Эхний шинэчлэл нь энэ салбарт өрсөлдөх, хөгжих боломж бүрдүүлж, чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж байгаа юм. Ур чадвартай сайн багш бэлдэх, ажлын байран дээрээ хөгждөг байх багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдэх гарцыг хуулиар нээж өгчээ.
“Хуулиуд нь боловсролын чанарын ялгааг арилгахад чиглэж байгаа. Эрх мэдэл, танил талтай, мэдээлэлд ойр нь сонгож суралцдаг бус гэрт ойр, аюулгүй сургуульд, хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмших боломж олгох, орчин нөхцөл бүрдүүлэх, хүний нөөцийг бэлдэхэд хууль үйлчлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд боловсролын түвшин хоорондын уялдаа холбоо алдагдсан нь чанарт шууд нөлөөлсөн нь өнгөрсөн жилүүдэд хийсэн сурагч, багш, сургуулийн үнэлгээний үр дүнгээс харагдаж байгаа. Ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлж, мэргэжлээ зөв сонгох, сонирхол, өгөгдөл, ур чадвартаа таарсан хичээлийг сонгон суралцах боломжоор хангана. Ахлах сургууль, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын түвшинд “багц цаг”-ийн систем нэвтрүүлж, богино хугацаанд суралцах боломж олгоно. Ингэснээр их сургууль төгсөөд ажил олгогчдод гологддог байдлыг арилгах боломжтой. Дэлхий нийт боловсролыг өөр өнцгөөр харж байна. Ирээдүйн боловсрол хувьсан өөрчлөгдөж байна. Боловсролыг шинэ үзэл хандлагаар харж, сургалтын тухай уламжлалт ойлголтоо эвдэн, сургууль, сургалтын байгууллагыг шинэ дүр төрхөөр төсөөлж, багшийгаа мэдээлэл дамжуулагч бус нийгмийн шилжилт, өөрчлөлтийг удирдагч, бүтээгч гэж харах цаг ирээд байна” хэмээн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэмдэглэв. Тэрбээр, Ерөнхий сайдын “Багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг төр 100 хувь хариуцаж, МУБИС-ийн анги танхимын шинэчлэлийг 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хувь шийдэх” болсон нь багш бэлтгэх тогтолцоонд үр дүн өгнө гэж дүгнэж байгаа хэлсэн юм. Учир нь багшаар суралцах оюутан, магиструудын төлбөрийг 100 хувь даахтай холбоотой шалгуурыг БШУЯ нарийн боловсруулж, суралцах хөтөлбөр, багш нарын нийгмийн асуудал зэргийг цогцоор нь шийднэ. Багшаар элсэх оюутнуудын ЭЕШ-ын босго оноог дээшлүүлэхээс эхлээд шат дараатай олон алхмыг хийх аж.
Боловсролын багц хуульд алсын зайнаас суралцах ямар боломж байгаа талаар БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого, төсөл хөтөлбөрийн төлөвлөлт, тайлагналт хариуцсан ахлах шинжээч А.Цолмон тайлбарлахдаа, “Амьдралын орчноос суралцах чадамжийг яаж хөгжүүлэхийг хуульд тусгасан. Их дээд сургуулиа төгсөөд холбогдох янз бүрийн флатформ ашиглан мэргэжлийн ур чадвараа ахиулахыг баталгаажуулах нь чухал байгаа. Энэ ур чадвараа магадлан итгэмжлэгдсэн байгууллагаар үнэлүүлээд батламж авах боломжтой болсон нь энэ хуулийн бас нэг шинэчлэл” хэмээгээд боловсролын байгууллага аж ахуй эрхлэх, нэмэлт орлого олох боломж бүрдүүлснийг ч дурдсан юм.
Боловсролын хуулиар ямар харилцааг зохицуулсан талаар Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч У.Туяа, “Боловсролын хуулиар хэн сургуульд элсэх, хэзээ төгсөх, яаж суралцах, энэ хугацаанд ямар дэмжлэг авах, үүнд хэн ямар үүрэг хүлээж буйг зохицуулна. Хороиглосон, зөвшөөрсөн, үүрэг болгосон эрх зүйн харилцааг зохицуулдаг. Тухайлбал хуулийн 15, 17-р зүйлийн хориглох заалт бий. Энэ нь хүүхдийн нууцтай холбоотой мөн хүүхдээс хураамж авах тухай юм. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд багшид хариуцлага хүлээлгэн зөрчлийн хуулиар шийтгэдэг. Гэхдээ багш бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг ч мэдэхгүйн улмаас хэрэгт холбогдох тохиолдол бий. Багш мэдэгдэх үүрэгтэй ч мэдээлээгүйгээс хүүхэд амиа алдсанаар хэрэгт холбогдох тохиолдол ч бий. Иймд багш нар бусад хуулиа бас мэдэж байх хэрэгтэй” хэмээв.
Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, тэгш хамруулан сургах зарчмын талаар "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, “Бүх хүүхдээ амжилттай сургасан багш ажлаа үнэлүүлж цалингийн нэмэгдэл авдаг. Гэтэл хүүхэд бүр ялгаатай. Ялгаатай хэрэгцээтэй хүүхэд гэж хэн бэ гэдэг ойлголтоос эхэлнэ. Ялгаатай хэрэгцээг яаж хангах нь асуудал юм. Багш нарт арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн, мэргэжлийн холбоод хэрэгтэй байгааг хуульчилж, тухайн багш тухайн хүүхдийг ялгаварлахгүй сургахыг хуульчилсан. Ялгаварлан гадуурхаж, тэгш хамран сургахгүй багш, захиралд чанга хууль болсон. Хоёр талд сэтгэл ханамжтай хууль болсон. Иймээс харилцан ашигтай зарчим нь хуулийн гол амин сүнс нь юм” гэж ярив.