ХБНГУ дахь Монголын аялал жуулчлалын элчээр томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын соёлын аялал жуулчлалын хөгжилд хувь нэмэр оруулж буй С. Бадамхандыг ХБНГУ дахь Монголын аялал жуулчлалын элчээр томиллоо.
Тэрбээр орчин
үеийн шинэ хөгжим, монгол ардын урлагийн хослолыг байгаль дээр аялан
тоглодог, олон улсын аяллын GEO сэтгүүлээс дэлхийн соёлын шилдэг 50 аяллын
нэгээр нэрлэсэн “Туурайн Төвөргөөн” олон улсын хөгжим, соёл, аялал жуулчлалын их наадмыг хамтран үүсгэн
байгуулж, 24 жилийн турш 60 орны 1500 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, аялагчдыг
Монголд зочлуулж аялал жуулчлалын
хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн нэгэн юм.
Мөн Монгол
орны соёл урлаг, нүүдэлчин ахуй,
зан заншил, аялал жуулчлалын талаар 50 гаруй эрдэм шинжилгээний хурал, говийн олон улсын зуны академийг 24 жилийн турш
Монголд болон олон улсад амжилттай зохион байгуулж, Монгол орны талаар мэдээллийг түгээж иржээ. Түүний ээж ЮНЕСКО-
гийн өргөмжлөлт, Алтай нутгийн уртын дууг уугуул аялгуугаар өвлөн яваа цөөхөн ахмад дуучны нэг Монгол Улсын
Соёлын Тэргүүний ажилтан Г.Лхүндэв юм. Ээжээсээ өвлөсөн баруун нутгийн бэсрэг, айзам уртын дууг эгч дүүсийн
“Монголын 3 хатад” хамтлагаараа дуулан 20 гаруй улсад уригдан дуулж, Монгол ардын урлагийн төлөөлөгчдийн тоглолтыг
1998 оноос гадаадын орнуудад тасралтгүй
зохион байгуулж, эх орноо сурталчилж байна.
Түүнчлэн, ХБНГУ-д 1999 онд Европ дахь Монголын
анхны “Соёлын Төв-Монгол Төв” НҮТББ үүсгэн байгуулалцаад, тэргүүнээр ажиллаж, Монголын соёл, урлаг, аялал жуулчлал,
хүмүүнлэгийн олон арван төсөл хөтөлбөрийг ХБНГУ, Европт хэрэгжүүлжээ. Монгол улс түнш орноор оролцсон ХБНГУ-ын Берлин ITB аялал жуулчлалын
үзэсгэлэнд 2015 онд Германы
GIZ байгууллагын хүсэлтээр Монголыг сурталчлах соёл урлагийн хөтөлбөрийн зарим
хэсгийг Фрайбург хотын Монгол төв хариуцан ажилласан юм.
Монгол улс түншээр оролцсон аялал жуулчлалын 3
үзэсгэлэн, ХБНГУ-ын Лайпциг хотод 2022 онд, Штуттгарт, Хамбург хотод энэ онд Монголоо сурталчилсан урлаг
соёлын үйл ажиллагааг Соёлын
Элч С.Бадамхоролын хамтаар санхүүжүүлж, Монгол ардын уртын дуу, хөөмий, морин хуур, эрийн 3 наадмаар
сэдэвчилсэн үйл ажиллагаа зохион
байгуулж, БОАЖЯ-наас гаргасан Монгол орны сурталчилгааг тараан, үзэсгэлэнд 500 мянган хүнд,
хэвлэл мэдээллээр 6 сая хүнд хүргэсэн зэрэг түүний аялал
жуулчлалын хөгжилд оруулж буй хувь нэмрийг тус яам онцолжээ.