ЗАВХАН: Цусны даралт ихсэлтийг иргэд өөрсдөө хянах боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Тус
аймагт зүрх судасны тогтолцооны өвчлөл улс аймгийн дунджаас өндөр байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторид зүрх
судасны тогтолцооны өвчлөл 10,000 хүн ам тутамд 2806 тохиолдол бүртгэгдсэн нь
улс, аймгуудын дунджаас харьцангуй өндөр
үзүүлэлт байна.
Тиймээс цусны даралт ихсэх өвчинтэй
холбоотойгоор иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах, тэдэнд энэ өвчнөөс хэрхэн
урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг өгөх ажлыг эрчимтэй хийж байна гэж
аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Цусны даралт ихсэлт өвчнийг тоохгүй орхисноос, мэдэхгүйгээсээ болж иргэд олон өвчний эрсдэлд орж байна. Уг нь цусны даралт ихсэлтийн өвчнийг иргэд өөрсдөө хянах боломжтой. Гэтэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд ирж буй дуудлагын 70 гаруй хувь нь цусны даралт ихэссэн гэсэн дуудлага байна.
Өнгөрсөн наймдугаар сард манай аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023” үйл ажиллагааг нээж эхлүүлсэн. Энэ жил улсын хэмжээнд дөрвөн аймагт тус аяныг хэрэгжүүлэх бөгөөд үүний нэг нь Завхан аймаг юм.
Аяныг Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн
эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран ХААН банкны санхүүжилт дэмжлэгээр зохион
байгуулж, Завхан аймгийн ИТХ, ЗДТГ, ЭМГ, аймгийн нэгдсэн эмнэлгүүд хамтран
явуулсан юм.
Энэ үйл ажиллагаанд давхардсан тоогоор 5100 гаруй иргэн оролцож, урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.
Мөн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа
улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч
мэргэжилтнүүд орон нутгийн 60 гаруй эмч мэргэжилтнүүдэд сургалт мэдээлэл өгчээ.
Аян үргэлжилж байгаа, өнөөдрийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэг болон сум, багийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд өдөр бүр иргэдэд цусны даралт ихсэлтийн эсрэг хэрхэн эрүүл мэндээ хамгаалах талаарх зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Мөн артерийн даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээний шинэчлэн батлагдсан удирдамж заавар, харвалт шигдээсийн эрсдэлийн үнэлгээ хийх арга аргачлалын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 3700 гаруй хүнд үзүүлээд байна.
Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар иргэдэд хөдөлгөөн засал чиглэлээр болон цусны даралтаа
хэрхэн яаж зөв үзэх, хэмжих, анхаарах асуудалд бусад эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ авч байгаа иргэдэд давхар зааж өгөх, мэдээлэл өгөх ажлыг хийж байна.
Зүрх судасны өвчлөлөөр ойрын 10 жилд өвдөх эрсдэлийг тодорхойлох үнэлгээ, бие бялдрын бүрдмэл үнэлгээ хийж, артерийн даралт ихсэлт болон зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх зөвлөгөө мэдээлэл, амьдралын зөв мэдлэг хандлагатай болгоход чиглэсэн эрүүл мэндийн боловсролыг нь нэмэгдүүлэх ажлыг 3700 гаруй хүнд өгсөн байна.
Цусны даралт ихсэх өвчнийг ойшоолгүй өнгөрөөж
огт болохгүй гэдгийг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” хэрэгжсэн долоон жилийн
хугацаанд эмч мэргэжилтнүүд анхааруулж, сануулсаар ирсэн тухай улсын хэмжээнд зохион байгуулж буйг аяны багийнхан хэлж байна.
Цусны даралт ихсэх өвчин бусад олон өвчний суурь болоод зогсохгүй хүндэрвэл зүрхний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр байдаг юм. Өнөөдөр манай улсад нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчин бичигдэж байгаа нь ч үүнтэй холбоотой юм.
Тиймээс иргэд, олон нийтийг цусны даралт ихсэх өвчин, түүний эрсдэлт хүчин зүйлс, хүндрэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадалд сургах ажлыг орон нутагтаа жилийн турш үргэлжлүүлнэ гэж Завхан аймгийн ЭМГ-аас мэдээлэв.