Уран бүтээлч Ө.Ирмүүн “Нэгээс ес” үзэсгэлэнгээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-11 22:12:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт уран бүтээлч, судлаач Ө.Ирмүүний “Нэгээс ес” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын  нэрэмжит Дүрслэх урлагийн  музейд өнөөдөр нээлтээ хийлээ.


Энэхүү үзэсгэлэн уран зураг гэрлэн installation art болон логик оюуны тоглоом судоку наадгайг монгол тоогоор хэрхэн тайлж буйг харуулснаараа онцлогтой.

Үзэсгэлэнгийн нээлтэд уран бүтээлч Ө.Ирмүүн хэлэхдээ, “Би багаасаа судоку тоглоомоор тоглож өссөн. Хүүхэд насны минь салшгүй нэг хэсэг болсон  энэхүү тоглоомыг бэлгэдэж үзэсгэлэнгээ  “Нэгээс ес” хэмээн нэрлэсэн. Япон тоог монгол уламжлалт тоогоор сольж, цаашдаа монгол тоогоо илүү их хэрэглэж мэдье гэсэн зорилгоор  бүтээлдээ шингээж өгсөн. Уран зураг гэхээр л хавтгай дээр буусан тосон  зураг байх албагүй. Үзэсгэлэндээ орон зайн урлагийг харуулахыг зорьсон. Өөрийнхөө уран бүтээлийг шинэчлэх, орон зайн урлаг гэж юу байдгийг  бага ч болов харууллаа.  Хавтгай дээр урласан бүтээлээ 3D өнгө, гэрлийг тусгаж,  орон зайн урлагт оруулахыг хичээсэн” гэв.   


Монгол Улсын Ардын зураач Ш.Чимэддорж, “Уран зураг өнгөний гоё сайхан бус зураачийн дотоод гоо үзэсгэлэнг илэрхийлдэг.   Энэхүү үзэсгэлэнгээс уран бүтээлч ямар агуу дотоод ертөнцтэй, гайхалтай сэтгэлгээтэй охин бэ гэдгийг үзлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Үзэсгэлэнгийн танхимын баруун хананд шар дэвсгэр дээр судоку зурж, дээр нь нэгээс ес хүртэлх тоог монгол бичгээр бичжээ. Зургийн баруун буланд монгол домбыг дүрсэлж, эргэн тойрон монгол бичгээр дүрсэлсэн нь хэн бүхний анхаарлыг татна. Ихэнх бүтээлдээ монгол бичгийг хослуулсан байх нь Өвөрмонголчууд эх хэлээ хэрхэн дээдэлж, хадгалдгийг харуулж байлаа.

Уран бүтээлч Ө.Ирмүүн ӨМӨЗО-ны Шилийн хотод төрсөн. 2008 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд 2015 онд СУИС-д Л.Бумандорж багшийн удирдлага дор Урлаг судлалын магистрийн зэрэг хамгаалжээ. 2016 онд бие даасан анхны “Entropy” үзэсгэлэнгээ Монголын Уран зургийн галерейд дэлгэж байв. 2021 оноос МУИС-д АНУ-ын Индиана их сургуулийн профессор, урлаг судлаач, доктор Ц.Уранчимэгийн удирдлага дор Урлаг судлалын докторантурт суралцаж байна.

Р.Цэцэгбаяр







相关新闻