Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр өргөн мэдүүлэв.
Ирэх оны мөнгөний бодлого нь инфляцыг дунд хугацаанд
зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг
хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. Монгол
Улсын эдийн засаг цар тахал, олон улсын геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй
бэрхшээлийг даван туулж байгаа. Цаашид гадаад эдийн засгийн орчинд тодорхой бус
байдал багасахгүй, гэнэтийн
хэлбэлзэх төлөвтэй байгаа ч Төв банкаас эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг
хангахад чиглэсэн бодлогыг тууштай үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд инфляцыг дунд хугацаанд
нэг оронтой тоонд оруулж, 6 буюу +/-2 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн
мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн
чиглэлд санхүүгийн тогтвортой байдлыг хангахаар гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн
салбарт нэвтрүүлж, шаардлагатай хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэхээр
тусгасан аж.
Банк, санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зорилт энэ
удаагийн мөнгөний бодлогын гол чиглэл болжээ. Тухайлбал, ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах,
баталгаажуулах мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, хил дамнасан худалдааны
цахим төлбөр, тооцоо, финтект
суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжихэд чиглэсэн бодлогыг баримтлахаар
тусгасны Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Мөн инфляцын зорилтыг хангахад чухал нөлөөтэй эдийн засаг, институтийн суурь хүчин зүйлс болох Төв банкны хараат бус байдал, төсвийн сахилга батыг бэхжүүлэх, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзэл, урсгал дансны алдагдлыг бууруулах чиглэлээр төрийн байгууллагуудад санал, зөвлөмж хүргүүлж, хамтран ажиллахаар төсөлд тусгажээ.