Р.Фрийдланд: Монголын говьд “Оюутолгой” шиг олон орд газрын нөөцийг илрүүлэх боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улс одоо байгаа эрчээрээ ажиллан, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, шинэ технологиудыг нэвтрүүлснээр өмнийн говийн газрын гүн дэх зэсийн нөөцөө илрүүлж, олон олон “Оюутолгой”-г нээх боломжтойг “Айвенхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Р.Фрийдланд “Mining Week-2023” чуулганы онцлох зочноор оролцох үеэрээ тэмдэглэв.
“Оюутолгой” зэрэг дэлхийд тэргүүлэх зэсийн том
ордуудыг илрүүлсэн тэрбээр,
цааш нь ярихдаа, “Чингисийн удмаас үлдсэн дөрөв хүрэхгүй сая хүн өргөн уудам газар
нутагт маш их байгалийн баялаг дээр амьдардаг. Зэсийн ордоороо дэлхийд толгой
цохидог. ”Оюутолгой” шиг том орд олон байгааг нээхийн тулд тогтвортой хөгжлийг
хангаж, хөрөнгө оруулалтыг татан, хайгуул хийснээр зэсийн “том тоглогч”
болох боломж бий. “Оюутолгой”-н уурхайд дотоодын ажиллах хүч бий болсон байгаа. Манай компанид ч монголын геологичид ажилладаг. Цаашид шинэ
технологиудыг эзэмшүүлж, хүний нөөцөө бэлдэж чадвал монголын уурхайчид, инженерүүд дэлхийн хаана ч
ажиллах боломжтой” гэсэн юм.
Дэлхий дахинаа дулааны эх үүсвэрээ нүүрсээр хангадаг байдлыг халахыг зорьж байгаа. Сүүлийн 30 жилд 2.3 тэрбум хүн, тодруулбал, 7 хоног бүр 3 сая хүн хот суурин газар руу нүүдэг гэх судалгаа бий. “Оюутолгой” шиг 20 ордыг нээснээр дэлхийн зэсийн хэрэгцээг хангах боломжтой аж. Улаанбаатар хотын хувьд 4-р цахилгаан станцыг унтраалаа гэхэд орлуулах эх үүсвэр нь байхгүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд шинэлэг байдлаар ажиллах, олон зуун сая цахилгаан машин бүтээхэд шинэ түүхий эд олох шийдэл чухал байгааг ч Р.Фрийдланд дурдаж байлаа.
Тэрбээр, БНХАУ-ын
1.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр, Өмнөд Африкт байгуулсан Камао зэсийн уурхайн
талаар танилцуулсан юм. Анхны өрөмдлөгөө 2008 онд эхлүүлсэн, одоогоор 15 мянган
ажилтантай Камао үйлдвэр 2021 онд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэн, 2022 оны 4 дүгээр сараас баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулснаар одоогоор
7 сая тонн хүдэр үйлдвэрлээд байгаа аж. Өнгөрсөн 7 хоногт гэхэд 301 мянган тн
зэс үйлдвэрлэн, 2023 оны төлөвлөгөөгөө хангажээ. Мөн Конго мөрөн дээр 300 мгвт эрчим
хүч үйлдвэрлэдэг УЦС барьснаар хүлэмжийн хийн ялгаралгүй цэвэр эрчим хүч
хэрэглэдэг, дэлхий дээрх хамгийн ногоон зэсийн уурхай болжээ.
УУХҮЯ, Монголын
уул уурхайн үндэсний ассоциаци хамтран
зохион байгуулж буй чуулга уулзалтад Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ,
ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финланд, ӨАБНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс,
Франц, Испани, Пакистан зэрэг хориод
орны 300 гаруй төлөөлөгч, хөрөнгө оруулагч, дотоодын аж ахуйн нэгж,
байгууллагын 3000 гаруй төлөөлөл оролцож байна.