Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг энэ сарын 12-нд хүлээн авч уулзан, Итгэмжлэх жуух бичгийн хувийг хүлээн авав.
Дэд сайд Г.Амартүвшин Монгол Улс “гуравдагч хөрш” Канад Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглээд Монгол, Канадын “Өргөн хүрээтэй түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд С.Шуфанитай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энэ жил талууд хамтран тэмдэглэж буйг онцлоод, Элчин сайдын ажилд өндөр амжилт хүсэв.
Элчин сайд С.Шуфани хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлж, шинэ шатанд гаргахад хичээл зүтгэл гарган ажиллахаа илэрхийлэв.