Тэрбум мод: Ойжуулалттай холбоотой хуулиудыг яаралтай шинэчлэн гаргах хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-10-19 15:01:16

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар цуврал уулзалт зохион байгуулж байна.


Ээлжит уулзалт өнөөдөр хөдөлгөөний хүрээнд мод тарих амлалт авсан төрийн зарим байгууллага, уул уурхайн компаниуд, мод үржүүлгийн ААН-үүдийн төлөөлөл, мэргэжилтнүүдийг хамруулан НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд боллоо.


Уулзалтад үг хэлсэн зарим хүний саналыг хүргэвэл, Монголын мод үржүүллэг, цэцэрлэгжүүлэлтийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Даваасүрэн:

-Манай холбоо хөдөлгөөний хүрээнд мод тарьж буй иргэд, байгууллага, ААН-үүдэд үрсэлгээ, тарьц суулгац шууд худалдан авахад оролцож байгаа. Мөн мэргэжлийн зөвлөгөө өгөн ажиллаж байна. Бид үр, үрсэлгээ, тарьц суулгацаа яг норм нормативын хүрээнд чанартай бэлтгэхэд голлон анхаарч байна. Хөдөлгөөний хүрээнд манай улсад мод тарих үндэсний систем бүрэлдэж байна. Энэ нь хүчирхэг байх ёстой гэв.


Ойн, Нийтийн ногоон байгууламжийн, Газар зохион байгуулалтын хуулиудаа яаралтай шинэчлэн гаргах хэрэгтэй байна.



“Танайд мод тарья” ТББ-ын тэргүүн Б.Батболд:

-Мод тарихын өмнө бид Ойн болон Нийтийн ногоон байгууламжийн, Газар зохион байгуулалтын зэрэг холбогдох хууль эрхзүйгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Ингэснээр бидэнд хөрөнгө оруулалт, зээл, хөнгөлөлт, газар олголт зэрэг мод тарихтай холбоотой, өнөөдөр тулгамдаж зөрчилдөөд байгаа олон асуудал шийдэгдэнэ гэв.


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил төсөл”-ийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба:

-Манай үйлдвэр 2030 он гэхэд 100 сая мод тарихаас өнгөрсөн онд 2.1 сая, энэ жил 1.2 сая, нийт 3.4 сая мод тарьж ургуулаад байгаа. Одоо намрын тооллогоор тухайн модны ургалтыг бодитоор эцэслэн гаргаж анализ хийнэ. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд манай Эрдэнэтэд байгуулсан Ойн генетик нөөцийн газар нь үрийн генефонд үүсгэж бүрдүүлэх үндсэн зориулалтаараа ажиллаж байна гэв.


“Эрдэнэс Монгол” группийн менежер С.Рэнцэн:

-Төрийн өмчит үйлдвэр, компаниуд мод тарихтай холбоотойгоор үрсэлгээ, тарьц суулгац, техник тоног төхөөрөмж авья гэхээр шууд худалдан авалт хийх боломжгүй, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ авах хуулиар заавал тендэр зарлаж хөрөнгө мөнгө зарлагдах ёстой болчихоод, үйл ажиллагаа жигдэрч өгөхгүй байна. Үүнийг яаж зохицуулах талаар тодруулж байлаа. Уулзалтын үеэр гарсан бусад саналыг хүргэвэл:

  • “Тэрбум мод” хөдөлгөөн нь ойжуулах, цэцэрлэгжүүлэлт гэсэн үндсэн хоёр чиглэлээр явагдаж буй учир жимс, жимсгэний мод тариалах зэрэг бусад үйл ажиллагаа орхигдож байна.
  • Хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх хөрөнгө, санхүүг төвлөрүүлэн, зөв хуваарилж зарцуулах нь илүү үр дүнтэй байх болов уу. Зөв тооцоо, хамтын оролцоо, төлөвлөлт стратеги хэрэгтэй байна.
  • Мод үржүүлгийн газрууд, тэнд ажиллаж буй мэргэжилтнүүдээ дэмжье.
  • “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ойн чиглэлээр техник, технологийн шинэчлэлийг хийгээд авах хэрэгтэй байна гэсэн саналыг тавьж байлаа.

Уулзалтын үеэр Ойн газраас “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй “terbummod.mn” цахим хуудас, гар утасны аппликэйшний үйл ажиллагааг оролцогч нарт танилцуулав.


Гэрэл зургуудыг Н.Батбаяр

相关新闻