ОХУ-ын Эрхүү муж Монголын 14 компанитай экспортын гэрээ байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Эрхүү мужийн аж
ахуйн нэгжүүд хүнсний үйлдвэрлэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, арматур,
модон байшингийн иж бүрдэл, аялал жуулчлалын чиглэлээр Монгол Улсын 14 компанитай экспортын гэрээ байгуулан ажиллаж байна.
Энэ бол хоёр орны бизнес
эрхлэгч нар өнгөрсөн хугацаанд ажил хэргийн хэд хэдэн уулзалт хийсний
үр дүн юм гэдгийг манай улсад зочилж буй
ОХУ-ын Эрхүү
мужийн захирагч И.И.Кобзев МҮХАҮТ-д болсон Монгол Улс, ОХУ-ын Эрхүү мужийн бизнес
эрхлэгчдийн уулзалт дээр онцлон хэллээ.
Тэрбээр, “Улаанбаатар
хотноо өчигдөр өндөрлөсөн Монгол-Оросын Засгийн газар хоорондын
комиссын хуралдаанаар хамтын
ажиллагааны талаар манай
бүс нутагт хамааралтай стратегийн шийдвэрүүд гарлаа” гэдгийг тэмдэглэн хэлэв.
Эрхүү муж гадаадын 90
гаруй оронтой түншилдэг. Үүнээс Монгол Улс экспортын хэмжээгээрээ эхний 10-т багтдаг.
Бүс нутгийн бизнес эрхлэгчид Монгол Улстай
худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх нэлээд сонирхолтой, хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын
ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байдаг гэлээ.
Монгол Улс, ОХУ-ын Эрхүү мужийн бизнес эрхлэгчдийн уулзалтын үеэр анагаах ухааны салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллахаар Эрхүү мужийн Анагаах ухааны их сургууль, Монгол Улсын Төрийн тусгай албан хаагчдын төв эмнэлэг хооронд санамж бичиг байгуулав. Мөн Эрхүү мужид ноос ноолуур боловсруулж, үйлдвэрлэх төсөлд хамтран ажиллахаар Монголын “First textile cashmere”, “Bluesky cashemere”-ийн төлөөллүүд гарын үсэг зурав.