Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдийг томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд нар өнөөдөр Төрийн албаны зөвлөлд ажиллалаа.
Энэ үеэр Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд олонхын санал авч, нэр дэвшин томилогдсон Ш.Батсүх, Ч.Эрдэнэчимэг, М.Цэрэнбат нарыг Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, ажлын албаны албан хаагчдад болон нэн яаралтай хийх ажлуудыг танилцуулж, ажлын амжилт хүссэн юм. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг томилогдон ирсэн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдэд баяр хүргэж, үйл ажиллгааныхаа талаар танилцуулга хийв.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр болон Ёс зүйн хорооны гишүүд Төрийн албаны зөвлөлийн "Мерит" танхимд шалгалтын "Open-exam" систем, түүний агуулга, сорилтой танилцсан аж.