А.С.Цыденов: Алтанбулагийн чөлөөт бүсэд Буриадын хөрөнгө оруулагчид нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-10-25 17:16:47

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын тэргүүн А.С.Цыденов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад ирж, Монгол-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын ээлжит хуралдаанд оролцлоо. Хуралдааны дараагаар төлөөлөгчид манай улсын ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатартай ажлын уулзалт хийсэн юм. Энэ үеэр ОХУ-ын Буриад улсын тэргүүнтэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


-Хоёр орны Засгийн газрын хамтарсан комиссын хуралдаанд оролцсон байр сууриа хуваалцана уу?

-ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын зүгээс хоёр орны Хамтын ажиллагааны хамтарсан комиссын хуралдаанд оролцсондоо баяртай байна: Манай улс Монгол Улстай ХАА, аялал жуулчлал, тээвэр ложистик зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах талаар хэлэлцэж ирсэн. Тэр дундаа Алтанбулаг-Хиагт болон Монд-Ханхын боомтын талаар, мөн Эдийн засгийн чөлөөт бүсийн хамтын ажиллагаа, хөгжлийн талаар ярилцлаа.


Монгол Улсын Алтанбулаг эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх нь манай хоер улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал асуудал. Чөлөөт бүстэй хил залгаа оршдог манай улс энд хөрөнгө оруулагчдыг татахад анхаарч байна. Манай талын шинэ хөрөнгө оруулагчид нэмэгдэж, Буриадад тарьж ургуулсан олсны ургамал, рапсаас гаргасан ургамлын тосыг Монголын зах зээлд гаргаж, цаашлаад Япон, БНСУ, БНХАУ руу экспортолж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Монголд үйлдвэрлэв гэсэн гэрчилгээтэй. Энэ бол чөлөөт бүсийн хамтын ажиллагааны нэг жишээ юм.

Чөлөөт бүсэд ложистикийн том агуулах барьж байгаа. Энэ оны 12 дугаар сард нээлтээ хийнэ.


Бүгд Найрамдах Буриад Улс нь байгалийн баялаг ихтэй бɵгɵɵд модны үйлдвэрлэлийн салбарт Монгол Улсад мод, фанер, картон, үрэл нийлүүлэх боломжтой. Энд Сэлэнгийн целлюлоз, цаасны үйлдвэр, Байгалын ойн аж ахуй” компани болон Ольхон”, Буриад фанер үйлдвэр” хамтран ажиллахад бэлэн байгааг уламжлахад таатай байна.


Улаан-Үд-Улаанбаатар-Санья гэсэн шинэ чиглэлээр тогтмол нислэг үйлдэж эхэлж байгаа нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээж байна.


-Та манай улсад байх хугацаанд гурван аймгийн удирдлагатай уулзсан. Юу юу ярилцаж, хамтын ажиллагааны ямар шийдэлд хүрэв?

-Манай хоёр орон уламжлалт, найрсаг харилцаатай улсууд. Соёл, урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх талаар ярилцсан. Жишээ нь, эрүүл мэндийн салбарт манай Дорно дахины анагаах ухааны төв уламжлалт болон Төвөдийн анагаах ухааны шилдэг аргуудыг хослуулсан оношилгоо, эмчилгээний өвөрмөц эмнэлгийн үйлчилгээг монголчуудад хүргэхийг зорьж байна. Мөн Улаан-Үдэд өнгөрсөн онд ашиглалтад оруулсан Цөмийн анагаах ухааны төвөөр дамжуулан хавдар судлалыг хослуулан хорт хавдрыг эрт үе шатанд оношилж илрүүлэх боломжийг бүрдүүлж байгаа. Мөн Боловсролын салбарт Буриадад монгол оюутнуудыг тэтгэлгээр суралцуулах талаар ярилцлаа.



-Манай улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд ОХУ-аас 250 мянган жуулчин авах зорилт тавьсан. Энэ талын хамтын ажиллагааг тодруулна уу?

-Монгол Улстай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөвийг хоёр улсын хооронд болон бусад улс орныг оролцуулсан олон тал руу чиглэсэн байдлаар харж байна. Энд Монголын Хүннү эйр компани Улаан-Үд-Улаанбаатар-Санья гэсэн шинэ чиглэлээр БНХАУ руу тогтмол нислэг үйлдэж эхэлж байгаа жишээг хэлж болно.

Энэхүү нислэг нь Монгол Улсын болон Буриадын төдийгүй хөрш зэргэлдээх бүс нутгийн оршин суугчдад эрэлт хэрэгцээтэй байх болно хэмээн үзэж байна. Манай хоёр улсын иргэний агаарын тээврийн бусад авиа компаниуд ч хоёр улсын хооронд нислэгүүд үйлдэж байгаа. 



Өнөөдөр Алтанбулаг-Хиагтын хилийн боомт 24 цагаар тасралтгүй ажиллаж хоёр талын зорчигчдыг нэвтрүүлж байна. Байгал-Хөвсгөл чиглэлийн аялал жуулчлалын маршрут бий болоод буй хамтын ажиллагааг дурдаж болно. Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар түрүү дурдлаа.


-Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтын үеэр манай хоёр орны төрийн тэргүүн нар Монголд баригдах Эгийн голын УЦС-ын асуудлыг нарийвчлан судлах талаар тохиролцсон. Энэ талын ажлыг хэрэгжүүлэх дээр ОХУ-ын тал, Буриад улс юу хийж байгааг танилцуулна уу?

-Бид Байгал нуурыг хамгаалах үүрэг хүлээж буй. Нуурын ойр орших Целлюлоз, цаасны “Байкал” үйлдвэрийн үйл ажиллагааг хаах, бохир ус нийлүүлж буйг зогсоох зэргээр энэ талын ажлыг хийж байна. ЮНЕСКО-д бүртгэлтэй Байгаль нуурыг хамгаалах чиглэлээр манай ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хууль гаргасан. Мөн бохир усыг шүүж, эх үүсвэрийн аюулгүй байдлыг хангах төхөөрөмж бүхий 21 станц байгуулах талаар саяхан шинэ шийдвэр гаргасан. Эх дэлхий, байгалиа хамгаалах нь бидний нийтлэг зорилго учир бид ийм байдлаар л Эгийн гол УЦС-ын бүтээн байгуулалтад тусалж чадна. 

相关新闻