УИХ-ын дарга нийтийн өргөдлийн дүнг нэгдсэн хуралдаанд мэдээлж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд энэ сарын 17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянга давсан билээ.
Тус саналыг 100 мянга ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ-ын дарга уг асуудлын талаар чуулганы хуралдаанд мэдээлж, холбогдох байнгын хороонд шилжүүлнэ хэмээн заасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр нийтийн өргөдлийн дүнг чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. УИХ-ын дарга манай улсын парламентын түүхэнд иргэд анх удаа төрийн үйл хэрэгт бодитоор, шууд оролцcон түүхэн үйл явдал сүүлийн 7 хоногт болж өнгөрснийг мэдээллийнхээ эхэнд онцлов. НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлснээр нэгдүгээрт, иргэдийн баримт авах, түүнийгээ системд бүртгүүлэх сэдлийг нэмэгдүүлж, тэр хэрээр далд эдийн засаг ил болох аж.
Монгол Улсын далд эдийн засгийн ДНБ-д эзлэх хувь ҮСХ-ны тооцооллоор буурч байгаа боловч судлаачдын үзэж байгаагаар өндөр хэвээр байна. Дэлхийн банк, ОУВС, Монголбанкны судлаачдын хийсэн судалгаагаар далд эдийн засгийн хэмжээ 16.5-22.5 хувь байна гэсэн дүн гарчээ. Өнгөрсөн оны байдлаар 1.1 сая иргэн буюу насанд хүрсэн иргэдийн дөнгөж 48.6 хувь нь И-баримтад бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотын 15 худалдааны төвийн 279 цэгээс авсан тандан судалгаанаас үзэхэд, худалдаа эрхлэгчдийн 53 хувь нь И-баримт өгдөг. Тэгэхдээ И-баримтыг зөвхөн иргэд шаардсан тохиолдолд эсвэл үнийн дүн өндөртэй бараанд л ихэвчлэн өгч байгаа нь тогтоогджээ.
Хоёрдугаарт, төлөх татварын хэмжээ нэмэгдэнэ гэж үзэж байна. Өнөөгийн байдлаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 34.9 хувь нь И-баримтад бүртгүүлсэн байна. Тавин сая төгрөгөөс дээш борлуулалттай, НӨАТ төлөгч биш 4292 хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа бөгөөд тэдний нийт борлуулалт өнгөрсөн онд 1.9 их наяд төгрөг байжээ. Мөн 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай 5.4 мянган аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байна. Тэдний нийт борлуулалт өнгөрсөн онд 2.5 их наяд төгрөгт хүрсэн байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр юуны өмнө татварын системд бүртгүүлсэн ч төлөөгүй байгаа эдгээр 4.4 их наядын орлогод татвар тооцох боломж бүрдэх гэнэ.
Гуравдугаарт иргэдийн засаглах эрхээ хэрэгжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох, тухайлбал татварын боловсрол, мэдлэгээ тэлэх сайхан боломж бий болж байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж 104.791 иргэн саналаа өгсний 30.4 хувь нь 18-25 насныхан, 21.8 хувь нь 26-30 насныхан, 22.3 хувь нь 31-35 насныхан байв. Өөрөөр хэлбэл 18-35 насны залуус нийт санал өгөгчдийн 74.5 хувийг эзэлж байна. Түүнчлэн санал өгсөн хүмүүсийн 70 хувь нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд өрхийн санхүүгийн гол оролцогч, татварын хэмжээ, НӨАТ-ын буцаан олголт тэдний санааг зовоосон асуудал мөн болох нь үүгээр нотлогдож байна гэлээ.