Мариан Юречка: Чех, Монгол хоёр орны харилцаа цаашид тасралтгүй өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-10 09:51:22

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчилсан юм. Энэ үеэр Монгол Чех хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


-Юуны өмнө Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийг онцолж ярилцлага өгч буйд талархал илэрхийлье. Монголын талаарх таны сэтгэгдлээс ярилцлагаа эхэлье гэж бодлоо... 

-Би Монгол оронд анх удаагаа ирж байна. Энэ удаагийн айлчлалаас сэтгэгдэл өндөртэй буцаж байна. Монгол орон гайхалтай сайхан байгальтайн дээр баялаг түүхтэй, хүмүүс нь найрсаг байсан нь надад маш их таалагдлаа. Чех Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосон 70 жилийн харилцааныхаа түүхэнд маш их зүйлийг хамтдаа даван туулсан ба  тэдгээр үйл явдал нь аль аль талдаа ихээхэн ижил төстэй байлаа. Түүний адилаар ирээдүйд бид маш их зүйлийг хамтдаа бүтээх бололцоо бий гэж бодож байна. 


-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд Шарм Эль-Шейх хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Чех Улсын Ерөнхий сайд П.Фиалатай уулзсан. Энэ оны эхээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНЧУ-д айлчилсан. Энэ удаа та манай оронд ирээд байна. Айлчлалууд ийн ойр ойрхон өрнөж байгаа нь өмнө тохиролцсон ажлууддаа үнэлэлт дүгнэлт өгөх, дараагийн ажлын явцыг идэвжхүүлэх бололцоог нээж байгаа хэрэг гэж ойлгож байна?

-Өндөр түвшний айлчлалуудыг харилцан хийж байгаа тохиолдолд хоёр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрэх бололцоог нээж байдаг гэж би үздэг. Түүний нэг жишээ болгож хэлэхэд, энэ удаагийн айлчлалаар Монголоос Чех рүү ажиллах хүчнээр явах монгол иргэдийн тоог ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс гурав дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн явдал юм. Манай улс өмнө нь жилд 1000 хүнийг ажиллах хүчнээр хүлээж авдаг байсан бол ирэх онд 3000 иргэнийг хүлээн авах болоод байна. Мөн эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний салбарынхан, их сургуулийнхан, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тодорхой аяллын үүд хаалга нээгдэж байгааг дуулгая.  


-Прагад болсон уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн жил бүр 30-60 монгол оюутныг Чехийн шилдэг их дээд сургуулиудад сургах боломжийн тухайд ярилцсан. Гэтэл таныг манай оронд айлчилж буй энэ үед анхны оюутнууд Чехэд сурахаар илгээлт өвөртлөн явсан тухай дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байна. Энэ мэдээг та лавтайяа олж сонссон байх?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан тус хөтөлбөрийг бид өндрөөр үнэлж байгаагийн зэрэгцээ Ерөнхийлөгчид тань талархал илэрхийлье. Энэхүү ажил бол манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны ойлголцлын нэгээхэн илрэл гэж хэлж болно. Манай оронд очиж боловсрол эзэмших хүсэлтэй хүн бүрд хандаж хэлэхэд, Чех Улсад мэргэжил эзэмших бүрэн боломжтой. Чех Улсын их дээд сургуулийн сургалтын хөтөлбөр дэлхийд дээгүүрт тооцогддог. Манай улсад боловсрол эзэмшсэн тохиолдолд тодорхой хугацаагаар ажил эрхлэх боломжоор хангагддаг. Улмаар мэргэжлийн ур чадвар, дадал сууж, туршлага хуримтлуулсаны дараа нутаг руугаа буцвал эх орныхоо хөгжилд зохих хэмжээний хөрөнгө оруулах бололцоо бүрдэнэ.


Монголд байх хугацаандаа Чехэд их дээд сургууль төгсөж, боловсрол эзэмшсэн маш олон хүнтэй танилцлаа. Тэдгээр хүмүүс бүгд чехээр ярьж байсан бөгөөд тэнд сурч, амьдарч байсандаа өндөр сэтгэгдэлтэй явдгаа хэлж байсан юм. Тиймээс чехийн боловсролын тогтолцоо Монголд танигдсан байна. Нэг ёсондоо, монголчууд Чех Улсад ажиллаж амьдрах, сурч боловсорсноор амжилт үзүүлэх бололцоо бүрэн байна. 

-Энэ жилээс чех хэлний мэргэжилтин МУИС-д ажиллах боллоо. Энэхүү ажил нь бид нэг нэгнийгээ өөр бусад хэлний орчуулагчгүйгээр ойлголцох, цаашлаад харилцааны олон түүхийг бүтээх, хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэхэд бэлдэж байгаа хэрэг гэж ойлгож болох уу?

-Урт хугацааны дараа энэ хичээлийн жилээс чех хэлний багшийг Монгол Улсад ажиллуулах болсондоо баяртай байна. Энэ нь Чех Улс руу суралцахаар бэлдэж буй залуусыг дэмжиж байгаа хэлбэр юм. Мэдээж англи хэлний хөтөлбөрөөр сурахаас гадна чех хэлний хөтөлбөрт хамрагдвал сургалт үнэ төлбөргүй байх болно. Чех хэлтэй монголчууд бол манай хоёр орны хамтын ажиллагааны гүүр юм. Манай улсад суралцаж төгссөн чех хэлтэй монгол иргэд нь хувь хүн хоорондын харилцаанд ч, бизнесийн түншийн харилцаанд ч өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн. Одоо ч оруулсаар байна. Энэхүү идэвхтэй харилцааг түшиглэн, хамтын ажиллагаагаа дахин идэвхжүүлэн хөгжүүлэх хүсэл бидэнд байна.


-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн айлчлалын хүрээнд ирэх жил Улаанбаатар-Прагын хооронд шууд нислэгтэй болох тухай асуудал хөндөгдсөн байсан. Энэ тал дээр Чехийн талаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Айлчлалын хүрээнд шууд нислэг хийхээр бэлдэж буй компанийн төлөөлөлтэй нүүр тулж уулзлаа. Тэдгээр хүмүүсээс авсан мэдээллээс үзвэл, шууд нислэгийг ирэх зунаас эхлүүлэх санаатай байгаа юм байна. Эхний ээлжинд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа гэж ярьж байсан. Манай хоёр улсын хооронд шууд нислэгтэй болбол Чехэд амьдарч буй төдийгүй хөрш зэргэлдээ оронд амьдарч байгаа монголчуудын хувьд маш том дэмжлэг болох болов уу. Мөн хамтын ажиллагааны хувьд ч гэсэн томоохон ач холбогдолтой үйл явдал болно гэдэгт итгэлтэй байна. 


-Карлын их сургууль дахь Монгол судлалын тэнхимийн үйл ажиллагаа нь монгол судлалыг Чехэд төдийгүй Европт дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг манай эрдэмтэн судлаачид өндрөөр үнэлдэг. Монголч эрдэмтэд бол харилцаа, хамтын ажиллагааны нэг том гүүр юм даа?

-Та бид хоёрын яриаг чех хэлнээс монгол хэл рүү орчуулж байгаа орчуулагч бол манай хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж ирсний бодит нэг жишээ юм. Карлын их сургууль Монгол судлалын тэнхимтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Монгол хэл, түүх соёл, зан заншил гэхчлэн монголын судлалын бүхий талын мэдлэгийг олгох хөтөлбөртэй гэсэн үг. Манай чех оюутнууд монголыг бүх талаас нь сонирхдог. Монгол оронд ирж мэргэжил дээшлүүлэх дадлага хийх, хээрийн судалгаанд гарах дуртай байдаг. Миний бодлоор, түрүүнд хэлсэнчлэн 30 мянган монгол иргэн чехээр ярьдаг шиг энэхүү судлалыг хадгалж авч явах нь маш чухал.


-“Чингис хаан” үзэсгэлэнг ирэх онд Францаас Чехэд дэлгэх боломжийг судалж байгаа юм билээ. Мөн Чехийн Үндэсний музей Монголын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтарч “Монголын үлэг гүрвэлийн нууц” үзэсгэлэнг 2025-2026 онд тус улсад гаргахаар ярилцаж байгаа гэхчлэн бидэнд соёлын салбарт хамтарч ажиллах өөдрөг ажлууд олон байна гэж харж байна?

-“Чингис хаан” үзэсгэлэнг зохион байгуулах асуудлаар ярилцаж байна. Тус үзэсгэлэнг гаргах хугацааг тодруулах шатандаа явж буй. Мөн “Монголын үлэг гүрвэлийн нууц” үзэсгэлэнг манай улсад гаргасан тохиолдолд чех иргэдийн сонирхлыг ихээр татна байх гэж бодож байна. Манай улсын хамгийн том үлэг гүрвэлийн ордод тооцогддог газарт би төрж өссөн хүн байгаа юм. Тиймээс миний хувьд ихээхэн сонирхол төрүүлэхүйц үзэсгэлэн гарна гэсэн хүлээлттэй байгаа. Тэдгээр үзэсгэлэн манай улсад дэлгэгдсэн тохиолдолд чехийн ард түмэн монгол орны түүх соёлын талаарх ойлголтоо улам лавшруулж, Монголын талаарх сурталчилгаанд томоохон хувь нэмэр үзүүлнэ байх.   


-Чехтэй хамтарч ажиллаж буй хамгийн том төсөл бол тахь нутагшуулах төсөл юм. Тус төслийн талаар дуулаагүй монгол хүн гэж байхгүй байх. Энэ тал дээр бид хамтарч ажилласан хэвээр байх болов уу гэж бодож байна?

-Чех Улсад ч мөн ялгаагүй тахь нутагшуулах төслийн талаар сонсолгүй өнгөрсөн хүн гэж байхгүй байх. Энэ төсөл манай хоёр орныг холбож байдаг гэхэд болно. Би танай оронд байх хугацаандаа монгол адуу, тахийн зураг энд тэндгүй байгааг олж харж байлаа. Манай нутагт ариун гэгээн Вацлав хаан гэж байсан. Эл хааныг манай ард түмэн шүтэн биширсээр ирсэн. Хааныг манайхан дандаа морь унасан байгаагаар дүрсэлдэг. Үүнээс харахад, манай хоёр орны иргэдийн хувьд ижил бөгөөд сайн сайхнаар хүлээж авдаг бэлгэдлүүд бас бус байна хэмээн харж байна. Цаашид бид тахь нутагшуулах төслийг дэмжсээр байх болно. 


-Монголчууд бидний ч, та бүгдийн ч сонирхол, хэрэгцээ шаардлага хүн төрөлхтөний хөгжлийн чиг хандлагатай уялдан өөрчлөгдөж байна. Манай хоёр улс өмнөх уламжлалт хамтын ажиллагаагаа эдийн засгийн агуулгаар баяжуулахыг чухалчлах болсон байна. Энэ тал дээр аль салбарт ямар агуулгаар хамтарч ажиллах бололцоотой гэж үзэж байна вэ. Та бүгд монголын хувийн хэвшлийнхнээс чухам юуг илүүтэй хүсэж байна вэ?

-Хамтын ажиллагааны хүрээнд нэр зааж зөвхөн нэг салбарыг онцолж ярих боломжгүй. Монголын олон салбар манай бизнес эрхлэгчдийн сонирхлыг татдаг. Өөрөөр хэлбэл, өмнө нь хамтран ажиллаж байсан тэдгээр салбарууд руугаа сонирхлоо чиглүүлсэн хэвээр байна. Уул уурхай, ашигт малтмал, боловсруулах салбарын хамтын ажиллагаа буюу Монголд олборлож байгаа түүхий эдийг түүхий эдээр нь гадагш гаргах бус хагас болон бүтэн боловсруулсан бүтээгдэхүүн болгож гаргах нь Монгол Улсад үр ашгаа илүүтэй өгөх нь гарцаагүй. Бусад салбараас нэрлэвэл, эрчим хүч, барилга, орон сууц, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг нэрлэж болно. 


-Монгол, Чехийн хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудал олон жил яригдаж, энэ оны гуравдугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын иргэд ажилласан хугацаагаа тооцуулж, тэтгэврээ тогтоолгох боломжтой болоод буй. Нийгмийн хамгааллын салбарт үүнээс цааш ямар шинэчлэлүүд хүлээгдэж байна вэ?

-Энэхүү хэлэлцээрийг байгуулсан нь хувь хүмүүсийн амьдралд ихээхэн ач тусаа үзүүлэхүйц алхам болсон. Мөн шинэчлэвэл зохих асуудал гэвэл, виз олгох хугацааг богиносгож, шатлалыг нь хурдасгах явдал юм. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын нээлттэй бодлоготой холбогдуулан монголын талаас чех иргэдийг визнээс чөлөөлж байгаа нь чухал үйл явдал болж байна. Ингэснээр чехээс өмнөх жилүүдээсээ илүү олон иргэд, аялагч жуулчид танай сайхан орон руу аялах бололцоо нээгдэж байна.


-Өнөөдөр 12 мянган монгол иргэн Чех Улсад ажиллаж, амьдарч байна. Чех Улсад ажиллаж амьдрах, сурч боловсрохын давуу тал юу вэ?

-Нэгдүгээрт, манай улс дэлхийд хүн амьдрахад хамгийн эвтэйхэн, аюул эрсдэлгүй орны тоонд зүй ёсоор ордог. Мөн дэд бүтэц сайтар хөгжсөн. Үзэсгэлэнтэй, түүхийн дурсгалаар баялаг хотуудтай. Сайхан байгальтай. Хүмүүс нь нээлттэй, найрсаг. Хоёрдугаарт, манай улс яг Европын төвд оршдог. Тиймээс хаашаа ч явсан ойрхон зэрэг давуу тал олонтой. 


-Монгол Чех хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 73 жил болсон байна. Ингэж бодохоор манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны түүхүүдээс эргэн нэг сануулвал та юуг хамгийн түрүүнд онцлох вэ?

-Манай улс нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон дөрөв дэх улс юм. Барууны орнуудаас бараг эхний улс орон байсан гэж хэлж болно. Манай мэргэжилтнүүд нэгдүгээр эмнэлгийг барьсан. Мөн Эрдэнэтийн овооны ордыг чех геологичид нээсэн. Тахийн төслийг нэрлэж болохоор байна. Олон тооны төслүүдийг нэрлэж болохоос гадна ойжуулах төслийг хэлж болно. Үүний зэрэгцээ арьс боловсруулах салбарыг дурдалгүй өнгөрч болохгүй. Арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалтад чехүүд ихээхэн тусалсан. Монголд айлчлах хугацаандаа арьс ширний болон гутлын үйлдвэрээр орлоо.  Маш сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Зул сарын баярын бэлэг болгож эхнэртээ бүтээгдэхүүнээс нь бэлэг болгон авч явах гэж байна. Чехэд ажиллаж амьдарч буй олон монгол иргэн арьс шир боловсруулах болон арьсан эдлэлийн оёдлын үйлдвэрт ажилладаг. Тиймээс ноу-хауг аль аль талдаа нэвтрүүлэх бололцоо байгааг харуулж байна. Ер нь дипломат харилцаа тогтоосон 70 жилийн хугацааны бүхий л хамтын ажиллагаанд хоёр талын идэвх зүтгэл ихээхэн нөлөөлсөн.


-Дипломат харилцааны дараагийн 70 жилийн харилцааны агуулга, шүтэлцээг та Шадар сайдын хувиар хэрхэн харж байна вэ?

-Чехээр ярьдаг монголчуудын тоо, монголоор ярьдаг чехүүдийн тоо буурахгүй байх, цаашлаад энэ тоо нэмэгдвэл мэдээж их сайн. Чехийн компаниуд өөрсдийн түншээ олж, ноу-хаугаа нэвтрүүлбэл туйлын амжилттай явдал болно. Ер нь манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Тэрхүү харилцаа холбоо аль аль талдаа өгөөжтэй байна биз ээ. 


-Бид ийм богино хугацаанд хоёр орны харилцааны бүхий л талуудыг багтаан ярилцах боломж хомс. Гэлээ ч урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд зориуд нэг зүйлийг онцолж хэлэхэд, би өөрөө хөгжимчин хүн. Энэ айлчлалын үеэр буюу манай улсын үндэсний баярын өдрийн хүлээн авалтын үеэр Улсын Филармонийн уран бүтээлчдийн тоглолтыг үзлээ. Танай Филармонийн уран бүтээлчид манай улсын сүлд дууллыг, Чехийн хөгжмийн зохиолчдын бүтээлийг маш өндөр түвшинд тоглож байна. Тэдгээр уран бүтээлчдийн тоглолтыг үзээд, би үнэхээр биширлээ. Танай улсын хөгжимчдийн хөгжмийн боловсрол өндөр түвшинд хүрсэн болохыг зориуд тэмдэглэж хэлье.

相关新闻