150 хатгамалчийн 1000 бүтээлийг дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-15 15:15:51

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний уран хатгамалчдын анхдугаар чуулган энэ сарын 17-нд Төрийн ордонд болох гэж байна.


Энэ чуулганыг угтсан “Хатгамаллах урлагийн гайхамшиг-4” үзэсгэлэн Монголын үндэсний музейд өнөөдөр нээлтээ хийв. Үндэсний уран хатгамалчдын IV уралдааны хүрээнд Монгол Улсын 21 аймаг, 330 сум болон нийслэлийн есөн дүүргээс 150 орчим хүний 1000 гаруй бүтээл иржээ. Тус үзэсгэлэнгээс нийт долоон төрөлд дөрвөн шагналт байр шалгаруулна. Үндэсний уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдрийн турш олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байгаа юм.


Уралдаанд оролцож буй хамгийн ахмад хатгамалч нь 80 настай бол залуу нь 15 настай ажээ. Бүтээлээ ирүүлсэн хатгамалчдын дийлэнх нь орон нутгаас ирсэн байна. Тухайлбал, Ховд, Завхан, Өмнөговь гэх мэт алслагдмал аймгуудаас багаараа иржээ. Үндэсний уран хатгамалчдын анхдугаар уралдаан 2005 онд Дархан-Уул аймагт болсон бол удаахь нь 2010 онд Улаанбаатар хотын Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд III уралдааныг 2018 онд Уран зургийн галерейд зохион байгуулж байжээ. Өмнөх гурван уралдаанд дунджаар 300 орчим хатгамалч оролцдог байсан бол энэ удаад заалны багтаамжаас шалтгаалан 150 гаруй хатгамалчийн бүтээлийг хүлээн авчээ.


Үндэсний уран хатгамалчдын уралдаанд байр эзлэсэн уран бүтээлчдийг цаашид дотоод, Олон улсын урлаг соёлын наадам, үзэсгэлэн, уралдаанд зуучлан оролцуулахаа  Монголын үндэсний уран хатгамалчдын холбооноос мэдэгдэв. Энэ үеэр тус холбооны тэргүүн С.Ганцэцэг ярихдаа “Уран хатгамалчдын үндэсний IV уралдааныг энэ онд “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд зохион байгуулж байна. Уралдаан өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байгаа бөгөөд энэ сарын 17-нд Төрийн ордонд болох чуулганы үеэр шалгарсан бүтээлүүдэд шагналыг нь гардуулна. Энэ удаад долоон номинацид шилдгүүдээ тодруулах юм. Долоон номинацид шалгарсан 28 бүтээлийг Төрийн ордонд дэлгэнэ” гэв.


Дашрамд сонирхуулахад, энэ сарын 17-нд 1000 уран хатгамалч Төрийн ордонд цуглаж нэгэн зэрэг учиг шаглах ажээ. Өв соёлыг хадгалах зорилготой энэхүү чуулган 21 аймаг, есөн дүүргийн уран хатгамалч, зээгт наамалч, эсгий ширмэлч, зоос ширээний сүлжмэл болон уран сүлжээчдэд нээлттэй аж.
















相关新闻