“Монголын хөдрөг ба гар урлалын их наадам”-д гар урлалын 200 гаруй бүтээлийг дэлгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Монголын хөдрөг ба гар урлалын их наадам”-ыг гурав дахь жилдээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ.
Үзэсгэлэнд хөдрөг, зүймэл, эсгий, сүлжмэл, хүүхэлдэй урлал гэхчлэн гар урлалын 40 гаруй урлаачийн 200 гаруй бүтээлийг олон нийтэд толилуулж байна. Манай орон гар урлалын язгуур улс болохын хувьд уламжлалт гар урлал, хөдрөг, зүймэл, бусад урлалаа түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх, сурталчлахыг зорьж энэхүү үзэсгэлэнг дэлгэжээ. Мөн бусад орны шилдэг гар урлаачийн уран бүтээлтэй танилцаж туршлага судлах, цаашид хамтран ажиллах, сургалт судалгаа явуулах боломжуудыг бий болгохыг зорьж байгаа юм.
“Хэрэглээний урлал” НҮТББ, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран зохион байгуулж буй “Монголын хөдрөг ба гар урлалын их наадам” үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.