МУИС шинэ элсэгч, шилдэг оюутнуудаар хүрээгээ тэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-22 12:59:16

МУИС-ийг 2016-2024 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний “Сургах ба сурах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх” зорилгод нийцсэн шилдэг суралцагч элсүүлэх элсэлтийн бодлогын хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилийн шинэ элсэлтээ авч, шилдэг суралцагчдаар хүрээгээ тэллээ.

“МУИС-ийн 2016 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан тус сургуульд суралцахыг хүссэн элсэгчдэд зориулан сургалтын онлайн СиСи системээр элсэлтийн бүртгэлийн үйл ажиллагааг орон даяар 3 дахь жилдээ зохион байгуулжээ. Элсэн орж буй оюутнууд ерөнхий суурийн зарим хичээлийг англи хэлээр сонгон судлах, Шинжлэх ухааны сургууль /ШУС/ болон Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургууль /ХШУИС/-д элсэгчид байгалийн ухааны  гүнзгийрүүлсэн сургалтат хөтөлбөр /honors program/-т хамрах боломжтой  болсон бөгөөд шинэ элсэгчид хоёр сургуулийн  аль ч хөтөлбөрөөс мэргэжил сонгох боломжтой юм.

Монгол Улсад Кембрижийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй ЕБС-иудаас тус сургуульд элсэгчид А болон AS түвшинд судалсан хичээлээ МУИС-ийн ерөнхий суурийн хичээлтэй багц цаг дүйцүүлэх нөхцөл бүрдсэн байна.

Дашрамд дурдахад, МУИС 2014 онд 3961, 2015 онд 2573, 2016 онд 3622 оюутан элсүүлсэн бөгөөд ЭЕШ-ын дундаж оноо 2014 онд 621, 2015 онд 619, энэ хичээлийн жилд 663 болж өссөн үзүүлэлттэй гарчээ.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻