Монгол Улсаас 3500 гаруй иргэн Энэтхэгийн ITEC хөтөлбөрт хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136 @gmail.com
2025-09-19 09:50:02

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Энэтхэгийн Элчин сайдын яам Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны /Indian Technical and Economic Cooperation-ITEC/ тэтгэлэгт хөтөлбөрийн 61 жилийн ойг тохиолдуулан ITEC өдрийг энэ сарын 17-нд тэмдэглэлээ.

 

Энэхүү өдрийг Энэтхэг болон түүний Стратегийн түнш болох Монгол Улс хоорондын тогтвортой түншлэлийн хүрээнд зохион байгуулав.

 

Энэтхэгийн Засгийн газраас ITEC хөтөлбөрийг 1964 оны 9 дүгээр сарын 15-нд эхлүүлсэн. Сүүлийн 61 жилийн хугацаанд ITEC хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, хүний ​​нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн Энэтхэгийн засгийн газрын тэргүүлэх санаачилга юм. Хөтөлбөр нь "Vasudhaiva Kutubakam" буюу “Дэлхий бол нэг гэр бүл” хэмээх философи дээр тулгуурласан бөгөөд Энэтхэгийн мэдлэг, туршлагаа хуваалцдаг эртний уламжлал юм.

 

Энэ өдөр ITEC төгссөн Монголын өндөр дээд албан тушаалтан, төрийн албан хаагч, олон салбарын мэргэжилтэн нийт 270 орчим хүмүүс оролцов.

 

Энэхүү өдрийг нээж БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве хэлэхдээ, дэлхий даяны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ITEC хөтөлбөрийн гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэв. ITEC нь мэдээллийн технологи, санхүү, засаглал, батлан ​​хамгаалах зэрэг олон салбарт бүрэн тэтгэлэгтэй эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалтыг санал болгодог хөтөлбөр бөгөөд мэргэжилтнүүдэд ур чадвараа дээшлүүлэх, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг олгодог хэмээв.


Энэ үеэр ITEC-ийн төгсөгч, Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Монгол Улсын төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлж, мэдлэг туршлагаа хуваалцаж байгаа ITEC-д талархал илэрхийлэв. Мөн тэрбээр Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймагт барьж байгуулахад дэмжлэг үзүүлж буй Энэтхэгийн Улсын Засгийн газарт мөн талархал илэрхийллээ.

 

Түүнчлэн ITEC-ийн төгсөгчдийн төлөөлөл өөрсдийн туршлагаас хуваалцаж, сургалтын хөтөлбөрүүд нь тэдний карьерт хэрхэн эергээр нөлөөлсөн талаар ярьж, Энэтхэгийн соёл, нийгмийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

 

ITEC хөтөлбөр нь байгуулагдсан цагаасаа хойш хоёр орны харилцааг бэхжүүлэх, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү хөтөлбөр нь жил бүр 160 гаруй орны мэргэжилтнүүдэд Энэтхэгийн 100 гаруй шилдэг их дээд сургуулиудын 15,000 гаруй бүрэн тэтгэлэгт сургалтуудыг санал болгодог. Өнөөг хүртэл Монголын 3500 гаруй мэргэжилтэн эдгээр сургалтын үр шимийг хүртээд байна. Жил бүр Монголын 200  иргэн тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг.



相关新闻