Сурвалжилга: Сурагчдын “Үдийн хоол” ийм л байх ёстой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар 2006 онд “Үдийн цай" хөтөлбөрийн журмыг баталж, тухайн жилийнхээ 9 дүгээр сараас бага ангийн сурагчдыг хамруулж эхэлсэн билээ.
Үр дүн нь богино хугацаанд гарч буй бөгөөд сургууль завсардалт буурах, суралцах хүсэл эрмэлзэл сайжрах зэрэг эерэг нөлөө үзүүлж эхэлсэн байна. Улмаар одоогоос зургаан жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сард ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Ингээд сургуулиудын гал тогоог тохижуулж, илүү шим тэжээлтэй “Үдийн хоол”-оор хангахаар болсон юм. Гэвч “Үдийн хоол” хөтөлбөр алаг цоог хэрэгжиж байгаад тавих хяналт сул байна. Зарим сургуульд “Үдийн хоол”-ыг оромдож байгаа бол нөгөө хэсэг нь сайн жишээгээр бусдадаа үлгэрлэж явна. Сайн жишээгээр үлгэрлэж яваа сургуулиудын нэг нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” дунд сургууль юм. Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг дөрвөн жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг төсөлд бусдадаа үлгэрлэж яваа “Мандал” сургуулийг онцолж, энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ.
Говийн нутагт намрын налгар өдрүүд үргэлжилж, ёстой л нэг налайж байна. Бид өглөө эртлэн Дундговь аймгийн зүг хүлгийн жолоо залсан бөгөөд 12:30 цагийн үед зорьсон газраа ирлээ. Сурагчдын үдийн хоолны цагийг яв цав тааруулжээ. Сургуулийн үүдээр ороход гал тогооны үүдэнд хоолоо идэхээр жагсаж буй дунд ангийнхны дүр зураг шууд нүдэнд тусна. Тэгвэл зааланд тухайн өдрийн жижүүр сурагчид ангийнхаа хүүхдүүдийн хоолны ширээг засаж байв. Энэ өдрийн хоол нь өндөг, луувангаар баяжуулсан бантан, нийслэл салат, нэг зүсэм алим, ааруулны шүүс байлаа. Халуун хоол идэнгээ тав, гурван үг солих сурагчдын нүүрэнд мишээл тодорч, цаанаас л нэг баяр баясгалантай харагдах нь үдийн хоолны их завсарлагааг хүлээдэг нь илт. “Мандал” сургууль 1100 гаруй сурагчтай бөгөөд тэдний 85 орчим хувийг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулж чаджээ. Монгол орны ихэнх сургуульд одоогоор зөвхөн бага ангийнхан “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байгаа бол дунд болон ангийнхан өөрсдийгөө “аргалж” байна. Нэг ёсондоо эцэг, эхээс багахан хэмжээний татаас авч түүгээрээ ганц, хоёр ширхэг пирошки, ороомог, мантуун бууз авч иддэг аж. Ялангуяа нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад ийм дүр зураг түгээмэл.
Орон нутгийнхан өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан аль болох олон сурагчийг үдийн хоолонд хамруулахыг эрмэлздэг байна. Харин төлбөртэй буюу хувийн сургуульд энэ байдал тэс өөр. Товчхондоо бол хувь, хувьсгалын сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрт тэнгэр, газар шиг ялгаа байгааг харуулж байна гэсэн үг. Гэхдээ өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан эцэг, эхийн дэмжлэгтэй “Үдийн хоол” хөтөлбөрийг сайжруулж, сурагчдаа бүрэн хамруулах боломжтойг “Мандал” сургуулийн жишээнээс харж болно. Монгол хүүхдийн шим тэжээлийн байдлыг авч үзвэл бага ангийн хүүхдийн 7.3 хувь нь өсөлтийн хоцрогдолтой, 2.8 хувь нь тураалтай, 22 хувь нь таргалалттай буюу шим тэжээлийн дутагдал, илүүдэл аль аль нь хосолсон байдгийг “ЖАЙКА”-гийнхан анзаарчээ. Тиймээс тус байгууллагаас үдийн хоолны төсөл хэрэгжүүлэх санаа төрсөн байна. Ингээд Дундговь, Өвөрхангай аймгийн сургуулийг сонгон 2021 оны аравдугаар сараас төслөө хэрэгжүүлж эхэлсэн нь “Мандал” сургуульд сайн жишиг тогтоосон аж. Олон улсын байгууллагын хэрэгжүүлж эхэлсэн төслийг сургуулийн удирдлагууд сайнаар үргэлжлүүлэх нь тэдний үүрэг. Тэр утгаараа үдийн хоолонд эцэг, эхчүүдээс дэмжлэг авч зөвхөн бага бус дунд, ахлах ангийнхныг ч хамруулах болсон байна.
“Мандал” сургуулийн захирал Н.Энхбаяр ярихдаа, “Манай сургууль 2015 онд байгуулагдаад нэг жилийн хугацаанд түрээсийн гал тогоотой байсан. 2016 оноос үдийн хоолоо өөрсдөө бэлтгэж эхэлсэн. Долоо хоногийн таван өдрийн гуравт нь халуун хоол, бусад өдөр нь бэлэн бүтээгдэхүүн өгдөг байв. Тухайн үед нэг хүүхдийн үдийн хоолны зардал 600 төгрөг байсныг 900 болгосон. Ингэснээр таван өдөр халуун хоолтой болгов. Дараа нь нэг хүүхдийн төсөв 1500 төгрөг болж нэмэгдэхэд үдийн хоолыг иж бүрдэл хэлбэрээр өгч эхэлсэн.
Одоо нэг хүүхдийн зардал 2500 төгрөг болж, 1-5-р ангийн 700 гаруй хүүхэд хамрагдаж байна. Сурагчид дунд ангид орохоороо үдийн хоолоо үгүйлдэг.
Мөн дунд, ахлах ангийнхан олон цагийн хичээл, дугуйлан сургалт гээд сургууль дээрээ байх цаг нь уртасдаг учир “Хүүхдийн мөнгөө өөртөө зарцуулъя” уриалгыг гаргаж дунд, ахлах ангийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн зүгээс хоолны мөнгийг нь авч, өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн үдийн хоолонд хамруулж байна. Тэгэхээр ахлах, дунд ангийн 200 гаруй хүүхэд үдийн хоолонд хамрагдаж байна гэсэн үг. Дунд, ахлах ангийнхны үдийн хоолонд эцэг, эхчүүдээс 3500 төгрөг авдаг. ЖАЙКА-гийн “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр манай сургуулийн орон нутгийн онцлогтой хэрэгжүүлж байсан үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох боломж бүрдсэн. Бид Японд үдийн хоолны туршлагаас суралцаж, үйл ажиллагаатай нь биечлэн танилцсан. Мөн уг төслийн хүрээнд сургуулийн гал тогооны тоног төхөөрөмжийн шинэчлэлийг 50 сая орчим төгрөгөөр хийж өгсөн. Энэ хөрөнгө оруулалтыг дагаад аймаг, орон нутгийн дэмжлэг бий болсон” хэмээн ярилаа.
Тэгвэл тус сургуулийн хоол зүйч О.Сугир, “Манай сургууль 2021 оноос эхлэн ЖАЙКА-гаас “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Түүнээс хойш хоол үйлдвэрлэлийн орчин нөхцөл сайжрахаас гадна үдийн хоолны тэнцвэртэй цэсний дагуу хүүхдүүд маань амт чанартай, амин дэмтэй хоол идэх болсон. Сурагчдад 30 нэр төрлийн үндсэн хоол, 30 шөлтэй хоол, 18 төрлийн салат, 10 гаруй төрлийн уух зүйл, дөрвөн нэр төрлийн сүүн шөлөөр үйлчилдэг. Сар бүрийн цэсээ давтахгүй, сайжруулахыг эрмэлзэж байна. Мөн сургуулийн хэмжээнд шим тэжээлийн боловсролыг дэмжих, үдийн хоолны талаар эцэг эх, сурагч, сургуулийн харилцаа холбоог нэмэгдүүлсэн үр дүнтэй байлаа. Судалгаа хийж үзэхэд өмнө нь нийт сурагчдын 37.5 хувь нь кальци, Д амин дэм бага, олон төрлийн ногоо хэрэглэдэггүй байсан. Харин төсөл хэрэгжсэнээр хүүхдүүдийн бие дэх амин дэмийн хэмжээ нэмэгдсэн. Мөн эцэг, эхчүүдийн зүгээс дэмжлэг үзүүлж аяга, тавгуудыг иж бүрэн шинэчилсэн” гэлээ.
Тус сургууль ЖАЙКА-гийн төслийн хүрээнд хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө шинэчилж чадсан нь онцлууштай. Ингэснээр хоолоо олон төрлөөр, цаг хугацаа хэмнэсэн байдлаар хийх нөхцөл бүрдсэн байна. Сургуулийн гал тогоонд өдөрт 1000 гаруй сурагчийн үдийн хоол хийдэг бөгөөд тогооч нараа төслийн хүрээнд хэд хэдэн сургалтад хамруулжээ. “Мандал” сургуулийн сурагчид, багш, ажилчид, албан хаагчид төмс, зарим нэр төрлийн нарийн ногоо тарьж эхэлсэн байна. Энэ бүхэн бас л төсөлтэй холбоотой. Сургуулийн хашаанд жижигхэн хүлэмж байх агаад тарвас, өргөст хэмх, улаан лооль зэрэг 4-5 төрлийн нарийн ногоо байх аж. Түүнчлэн 200 гаруй метр квадрат талбайд үрлэн помидор, сонгино, төмс, лууван, манжин тарьжээ. Ургацыг дунд ангийн сурагчид хураадаг нь нэг төрлийн амьдрах ухааны хичээл болдог байна. Хураасан ногоогоо ашиглан сурагчид өөрсдөө амтат хоол, салат хийдэг нь сонирхолтой байдгийг тэдний төлөөлөл ярьж байна. Тэгвэл хашааг тойруулан хайлаас, улиас, хуайс зэрэг зургаан төрлийн мод тарьж, ногоон орчныг бий болгосныг Н.Энхбаяр захирал бидэнд хуучиллаа.
Дээр дурдсанчлан сурагчдын 85 орчим хувь нь сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагддаг бол үлдсэн нь их завсарлагаанаар гэртээ харьж цайгаа уудаг аж. ЖАЙКА-гаас хэрэгжүүлсэн төсөл энэ сард дуусна. Төслийн ажил дууссан ч тэдний үлдээсэн сайн жишээг үргэлжлүүлэн илүү сайжруулахын төлөө ажиллахаа сургуулийн удирдлага ярилаа.
ЕБС-ийн “Үдийн хоол” хөтөлбөрт зөвхөн бага ангийнхан бус дунд, ахлах ангийнхныг ч хамруулах боломжтойг эндээс харж болно.
Эцэг, эхчүүдийн дэмжлэгтэйгээр хоолны чанарыг улам сайжруулж, илүү шим тэжээлтэй, олон нэр төрлийн хоолоор сурагчдад үйлчилж болохыг энэ сурвалжилгаараа харуулахыг зорилоо.