ЗАВХАН: Хүүхдүүд орос хэлний кабинеттай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-29 16:56:18

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх орос хэлний дугуйлан өргөжиж “Русский Дом” буюу “Оросын өргөө” нэртэй орчин үеийн иж бүрэн кабинеттай болно.


Тодруулбал, Оросын шинжлэх ухаан соёлын төвийн дэргэдэх Завхан аймгийн Орос хэлний төвийг орос хэлний багш, Л.Оюунцэцэгийн санаачилгаар байгуулаад даруй долоон жилийн нүүрийг үзэж байна.


Монгол Улсын хэмжээнд орос хэлний 58 төв байдаг бөгөөд, тус төв нь сүүлийн 7 жил дараалан үйл ажиллагаа, сургалтын чанараараа улсдаа тэргүүлжээ. Энэ жилийн Гран при шагналын хамт тус төвд ОХУ-аас иж бүрэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон кабинетыг тохижуулах эрхийг өгсөн юм.



Энэ сарын эхээр ОХУ-аас төлөөлөгчид ирж кабинетыг тохижуулах ажлыг эхлүүлсэн. Хүүхэд залуучуудад зориулсан орос хэлний дугуйлан өргөжиж “Оросын өргөө” нэртэй орчин үеийн иж бүрэн хэрэгсэлтэй өрөөтэй болж байгаа нь олон боломжийг олгож байна. Энэ кабинет орос хэлийг сонирхон судлах хүүхэд бүрд нээлттэй байхаас гадна ОХУ-тай холбоотой техник технологи, шинжлэх ухаан, уран зохиолын холбогдолтой олон сонирхолтой мэдээллүүдийг ч авч болох юм гэж Завхан аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.

Ташрамд “Русский Дом”-ын салбар Завхан аймаг дахь Орос хэлний төв нь 2016 онд байгуулагдсан бөгөөд, өдгөө тус төвд 5-17 насны 20 гаруй хүүхэд суралцаж байна. Тус төвийн сонсогч хүүхдүүдээс ОХУ-ын их, дээд сургууль болон цэргийн их дээд сургуульд суралцаж байгаа аж.


Тодруулбал, 26 хүүхэд нийт тэтгэлэгт хуваарьт хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар Москва, Калининград, Кызыл хотод 10 хүүхэд суралцаж байна. Мөн Улаанбаатар хотод Г.В.Плехановын нэрэмжит сургуульд дэвшин суралцаж байна.


ОХУ-ын 100 хувийн тэтгэлгээр суралцаж байгаа эдгээр суралцагчид нь баруун бүс болон улсын томоохон тэмцээн уралдаануудад тэргүүлж, бүсийн тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцсэн суралцагчид бөгөөд өнөөдрийн байдлаар таван суралцагч их, дээд сургуулиа амжилттай дүүргээд иржээ. 

相关新闻