Үр, усалгааны систем, бордоо, техникийг сайжруулахад Сэлэнэг аймагтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-22 18:09:55

Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн /TIKA/ Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи /Veysel Chiftji/ дагалдах яваа хүмүүсийнхээ хамтаар Сэлэнгэ аймагт ажлын айлчлал хийлээ. Зочдыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Б.Нарантуяа, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар хүлээн авч уулзан, цаашид хамтран ажиллах асуудлаар харилцан санал бодлоо солилцлоо. Ингээд түүнтэй уулзаж Сэлэнгэ аймагт хийсэн айлчлалынх нь талаар ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай аймагт хийж байгаа айлчлалынхаа зорилгыг танилцуулаач?

-Юуны өмнө Сэлэнгэ аймагт айлчилж байгаадаа баяртай байна. Ингээд Сэлэнгэ аймгаас гарсан хатагтай Н.Оюундарийн хүсэлтээр аймгийн Засаг даргатай уулзаж ямар салбарт харилцан техник хамтын ажиллагааг өргөжүүлж болох вэ гэсэн асуудлаар өнөөдөр харилцан  ярилцлаа. Бид Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэд бүтцийг хөгжүүлэх, мөн газар тариалан, МАА, зөгийн аж ахуйг хэрхэн хөгжүүлэхэд тулгамдсан асуудлууд, бидний зүгээс ямар дэмждэг туслалцаа үзүүлэх боломжтой байна гэдгийг газар дээр нь ирж үзэн, хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлох зорилготой ирээд байна.

-Та манай аймагт ирсэн сэтгэгдээ хуваалцахгүй юу?

-Сэлэнгэ их сайхан ногоон аймаг юм. Одоо хэр нь нов ногооноороо ямар үзэсгэлэнтэй байна вэ. Би их баяртай байна. Сэлэнгэ аймагт хийж байгаа миний анхны айлчлал.

-Та байгууллагынхаа талаар сонирхуулаач?

-Энэ айлчлалын хүрээнд дараа дараагийн Сэлэнгэ аймаг болон Туркын хооронд хэрэгжих хөтөлбөрүүдийн эхлэл тавигдаж байна гэж ойлгож байна. Нөгөө талаас манай Туркын хамтын ажиллагааг зохицуулах агентлаг маань 1994 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингээд 2004 онд Засгийн газар хоорондын хэлэлцээрээр албан ёсоор төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж ирлээ. Ингээд нийтдээ 490-ээд төсөл хөтөлбөрт 30 сая ам.долларын буцалтгүй тусламжийг БНТУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол оронд зориулаад байна. Манай байгууллага бол Монгол Улс, БНТУ гэсэн хоёр орныг ойртуулах гүүр нь болж өгч байгаа.

-Ихэвчлэн ямар салбаруудад илүү хамтарч ажиллав. Энэ удаа манай аймгийн хувьд аль салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бодолтой байна вэ?

-Боловсрол, дэд бүтэц, эрүүл мэнд, аялал жуулчлал, хот тохижилт, мал аж ахуй, газар тариалан гээд маш олон салбаруудад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Мөн Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан бол их потенциальтай. Энэ салбарыг үр ашигтай зөв хөгжүүлэх юм бол Монголын ард түмний амьдрал улам сайжрах болно. Монгол Улсад мал нядалгааны цехийг стандартын дагуу байгуулах төсөл хөтөлбөр хэрэгжээд явж байгаа. Мөн малын тэжээл тариалах, үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр Сэлэнгэ аймагтай хамтран ажиллахаар ярилцсан зүйлүүд маань амьдралд хөрсөн дээр бууж, бидний харилцаа улам илүү дотно найрсаг байхыг би хүсэж байна. Бидний зүгээс Монгол орны эдийн засгийн хөгжилд бодитой үр дүн үзүүлэх тодорхой хувь нэмэр оруулах болно.

Газар тариалан бол өөрөө хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглах ёстой. Хамгийн бага зардлаар хамгийн үр ашигтай бүтээгдэхүүнийг гаргаж авах нь чухал. Иймээс энэ салбарт үр, усалгааны систем, бордоо, техник зэргийг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Энэ бүгдэд бид хамтран ажиллаж төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх болно.

-Баярлалаа.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻