Виртуал хөрөнгийн арилжааны дүн өмнөх улирлаас буурч, 110 тэрбум төгрөг болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-06 11:09:52

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Энэ оны III улирлын байдлаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хийсэн арилжааны дүн өмнөх улирлаас 15.1 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин виртуал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өмнөх улирлаас 23.9 тэрбум төгрөгөөр өсөж, 287.8 тэрбум төгрөг хүрчээ. Ингэснээр он гарсаар эхний гурван улирлын байдлаар арилжааны үнийн дүн өссөн дүнгээр 110.3 тэрбум төгрөг болсныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Өдрийн дундаж арилжааны дүн 79 сая төгрөг байсан байна.  


Манай улсад 209 виртуал хөрөнгө арилжиж байгаагаас 170 нь гадаадынх байгаа аж. Тэгвэл дотоодын виртуал хөрөнгийн тоо өмнөх улирлаас 4.9 хувиар буурснаар 39 болжээ. Салбарын харилцааг зохицуулах үүднээс Санхүүгийн зохицуулах хороо энэ онд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан юм.


Энэхүү журмаар виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх хүсэлт гаргагчийг бүртгэх, бүртгэхээс татгалзахтай холбогдсон харилцааг зохицуулдаг болоод байгаа юм. III улирлын байдлаар салбарын харилцагчид давхардсан тоогоор 917.9 мянга болсон байна. Үүнээс 20.2 мянга буюу 2.2 хувь нь арилжаанд идэвхтэй оролцогч аж.

相关新闻