Техникийн болон мэргэжлийн боловсролын чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Манай улсын мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагад 2022-2023 оны хичээлийн жилд нийт 38.294 суралцагч сурч байна.
Нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд чухал хувь нэмэр оруулдаг салбарын нэг нь мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт юм. Энд суралцагч нарт хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажлын байрны шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадварыг олгож, улмаар хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд боловсролын чанар чухал ач холбогдолтой байгааг “Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.
Хэлэлцүүлгийг ХНХЯ, БШУЯ-наас сургалтын байгууллага, мэргэжлийн холбоодын
дунд зохион байгуулав. Европын
холбооны санхүүжилтээр
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс манай улсад “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн
төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж
байна.
Дээрх төслийн хүрээнд техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагаас олгож буй 10 салбарын 300 гаруй мэргэжлийн чиглэл, индексийг Боловсролын олон улсын стандарт ангиллын дагуу боловсруулсныг салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүллээ.
Техникийн болон мэргэжлийн боловсролыг олон улсын түвшинд нийцүүлэн, сургалтын
хөтөлбөрийг индексжүүлэх нь:
- Суралцагч нарт албан бус сургалт болон амьдралын туршлагаар эзэмшсэн мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, баталгаажуулах,
- дэлхийн аль ч оронд мэдлэг, ур чадвараа адил түвшинд хүлээн зөвшөөрүүлж, дараачийн шатанд үргэлжлүүлэн суралцах;
- ажил олгогчид тэдний ур чадвар, туршлагыг нэг ойлголттойгоор үнэлж, хүлээн зөвшөөрөх зэрэг олон боломж, нөхцөл бүрдэх ач холбогдолтой аж.
Харин боловсролын байгууллагын хувьд суралцагчийн хэрэгцээнд нийцүүлэн чадамжийн нэгжүүдийг багцалж олон улсад хүлээн зөвшөөрсөн чадамжийн гэрчилгээ олгох, багш нарыг тасралтгүй хөгжүүлэх зэрэг боломж бий болж байгааг хэлэлцүүлгээр хөндлөө.