Тэтгэврээ нэг удаа өөрчлүүлэх хүсэлтийг оноос өмнө авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Үүнтэй холбогдуулан 2019-2023 онд дараалсан зургаа, долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилгах орлогын дунджаас тэтгэвэр тогтоолгосон бол таван жилийн цалингаа сонгон тэтгэврээ нэг удаа өөрчлөн тогтоолгох хүсэлтээ ирэх оноос өмнө гаргахыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл өгөв.
Хүсэлтээ цахимаар гаргах бол https://daatguulagch.ndaatgal.mn/#/account/login нэвтэрч хүсэлтээ баталгаажуулна. Цахим хүсэлтээ 2023 ондоо гаргасан бол өөрчлөгдсөн тэтгэврийг нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс олгоно. Цахимаар хүсэлт гаргах боломжгүй бол тэтгэвэр авдаг Нийгмийн даатгалын хэлтэст очиж өргөдлөө гаргах боломжтой ажээ.
Харин 2018 он болон түүнээс өмнө тэтгэвэр тогтоолгосон, анхнаасаа дундаж цалингүйгээр 2019-2023 онд тэтгэвэр тогтоолгосон бол үүнд хамаарахгүй ажээ.