Гааль: Технологид суурилсан цогц үйлчилгээний систем нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-08 14:54:29

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гаалийн байгууллага цахим шинэчлэлийн хүрээнд “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг хэрэгжүүлж байна.


Төслийг үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэгтэй гүйцэтгэж байгаа бөгөөд үүний нэг хэсэг болох Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу КАИС-ийг бүрэн дуусгасан талаар өнөөдөр мэдээллээ.


КАИС системийг ашиглалтад оруулж нэвтрүүлснээр иргэнд 13, ААН-д 33 үйлчилгээг цахимаар бүрэн авах боломж бүрджээ. Төрийн байгууллагууд, тэр дундаа төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд дотор Гаалийн байгууллага үйл ажиллагаагаа бүрэн цахим хэлбэрээр ААН, иргэдэд хүргэж байгаа анхных нь болж байгааг Гаалийн ерөнхий газар (ГЕГ)-ын дэд дарга Г.Энхтайван тодотгов.


Үүний үр дүнд иргэд, ААН хилээр бараа, бүтээгдэхүүн оруулж ирэхэд өмнө зуучлагч байгууллагаар дамжуулан мэдүүлдэг байсан бол одооноос өөрөө мэдүүлэх боломжтой болж байна. Энэ нь цаг хугацаа, зардал хэмнээд зогсохгүй хүнд суртал чирэгдэлгүй, ашиг сонирхлоос ангид үйлчилгээгээ авах давуу талтай аж.


Системийг гүйцэтгэн нэвтрүүлсэн “Аствишн ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх хэлэхдээ, Манайх КАИС систем дээр 2019 оноос эхлэн 3 жил ажилласан. Үр дүнд иргэд, ААН 2022 оноос эхлэн гаалийн цахим үйлчилгээний портал www.gaali.mn-ээр дамжуулан хяналтын талбай дээр нэг удаа очиж бараагаа авахаас бусад бүх ажиллагааг цахимд шилжүүлэн бүрдүүлэлтээ хийж, төлбөрөө цахимаар төлөх боломжийг бүрдүүлсэн” гэв.


Одоо иргэн, ААН-ийн төлөөлөл тоон гарын үсгээ ашиглан gaali.mn-ээр дамжуулан цахимаар бүрэн үйлчилгээ авч байна. Өнгөрсөн жилээс системийн үйл ажиллагаа жигдэрснээр ачаалал хэвийн тогтворжиж, тогтмол 110 мянган хэрэглэгч цахимаар үйлчилгээгээ саадгүй авч буйг тэрбээр танилцууллаа. Иргэн, ААН-үүд КАИС ситемийг ашиглан:

  • Гаалийн бүх төрлийн мэдүүлэг мэдүүлэх,
  • Цахим төлбөр тооцоо,
  • Цахим гарын үсэг,
  • Ачааны манифестийн системийн шинэчлэл,
  • Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын программын автоматжуулалт,
  • Гаалийн лабораторийн дүгнэлтийн программ,
  • Статистик мэдээ,
  • Мэдээлэл солилцох дэд бүтэц зэрэг томоохон ажлыг хийж гүйцэтгэж байна. 


Гаалийн байгууллага цахим шинэчлэлийг 2019 оноос эхлүүлсэн. Энэ хүрээнд “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг АХБ-ны хөнгөлөлттэй санхүүжилтээр хэрэгжүүлж байна.  

相关新闻