Д.Сүнжид: Уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчны асуудал гэсэн явцуу хандлагаас татгалзах хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүний эрхийн үндэсний форум-2023” арга хэмжээ “Хүний эрх ба цахим хөгжил”, “Хүний эрх ба тэгш байдал”, “Хүний эрх ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилж буй.
ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид уг форумын үеэр хийсэн илтгэлдээ дээрх гурван сэдвийг хөндсөн юм. Тэрбээр “Цахим технологийн хэрэглээний үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн дунджаас дээгүүр түвшинд эрэмбэлэгдсэн. Цахим засаглалын хөгжлийн индексээр өнгөрсөн онд 74 дүгээр байрт орж, өмнөх оноос 18 байраар урагшилж, 4G сүлжээнд хамрагдах байдлаар 2021 онд 143 улсаас 46 дугаар байрт жагсжээ. Нийт хүн амын 84 хувь, өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байгаа ба нийт хүн амын 79 хувь нь олон нийтийн сүлжээний тогтмол хэрэглэгч аж. Өнгөрсөн оны байдлаар 86 байгууллагын 1106 төрлийн үйлчилгээг цахимжуулж, 36.5 сая удаагийн үйлчилгээг иргэдэд үзүүлж, 706.9 тэрбум төгрөгийг хэмнэсэн болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны яам мэдээлсэн. Цахим технологи төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг нэмэгдүүлж, иргэдийн мэдээлэл авах эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахад суурь давуу талыг бий болгож байна. Гэхдээ эерэг үр дүнгийн зэрэгцээ сөрөг үр дагаварыг тооцоолж, зохистой хариу арга хэмжээг эрт төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, цахим залилан 2015 онд 17 бүртгэгдсэн бол 2022 онд 7708, 2023 оны 10 дугаар сарын байдлаар 6810 байна. Олон нийтийн сүлжээнд хуудуутай мэдээлэл тархах, үзэн ядалт, зөрчил сөргөлдөөнийг хурцатгах талбар болж байна” гэлээ.
“Хүний эрх ба тэгш байдал” сэдвийн хүрээнд илтгэхдээ “Энэ оны байдлаар Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгын үнэлгээгээр 163 орноос 109 дүгээр байрт жагсаж, 63.5 оноо авсан нь Зүүн ба Өмнөд Азийн бүс нутгийн дунджаас 2.4 хувиар доогуур байгаа үзүүлэлт юм. Монгол банкны хүртээмжтэй өсөлтийн танилцуулгад дурдсанаар Монгол Улсад орлогын тэгш бус байдал өндөр бөгөөд нийт хүн амын зөвхөн 20 хувь нь нийт орлогын 40 гаруй хувьтай тэнцэх хэмжээний орлогыг эзэлж байгаа нь тэгш бус байдал өндөр байгааг илтгэж байна. Ядуурлын түвшин 30 орчим хувь байгаа нь бусад улстай харьцуулахад өндөр бөгөөд буурах хандлага ажиглагдахгүй байна. Мөн хот хөдөөгийн амьжиргааны түвшний зөрүү өндөр байна. Эрүүл мэндийн үйлчилгээний чанар cайн биш, бусад улстай харьцуулахад эрүүл мэндийн үйлчилгээ сайн биш, хүн амын ядуу хэсэгт төдийлөн хүртээмжтэй биш, бүсүүдийн хувьд тэгш бус байна. Боловсролын чанарын ялгаатай байдал жил ирэх тутам нэмэгдэж байна. Санхүүгийн секторт банкны систем давамгайлж, жижиг дунд үйлдвэрлэлд санхүүжилтийн хүртээмж сул, урт хугацаатай санхүүгийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Эдийн засгийн эмзэг бүтэц, тодруулбал уул уурхай, мал аж ахуйн салбар эдийн засгийн үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэсээр байгаа нь байгаль орчны болоод эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөөг үзүүлж байна. Нийт 980 мянган өрхийн 8 хувь нь орлого багатай өрхөд хамаарах бөгөөд эдгээр өрхийн орлогод тэтгэвэр, тэтгэмжийн эзлэх хувь 65 хувьтай байгаа нь өндөр үзүүлэлт юм” хэмээв.
Түүнчлэн хүний эрх нь уур амьсгалын өөрчлөлттэй харилцан хамааралтайг тэрбээр илтгэлдээ онцолсон. Уг илтгэлдээ тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал гэсэн хэт явцуу, буруу хандлагаас татгалзаж нийгмийн олон талт оролцоонд тулгуурлан, хүний эрх болон шинжлэх ухаан, инновацад суурилсан төрийн нэгдмэл бодлого, төлөвлөлт, хэрэгжилт, хяналт мониторингийн тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн зохисгүй ашиглалт, хариуцлагагүй уул уурхай, бизнесийн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, усны хомсдол, цөлжилт эрчимтэй явагдаж, ус, агаар, хөрсний бохирдол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтойгоор нөлөөлж байна. Ялангуяа хот суурин газрын агаар, хөрс, ус, орчны бохирдлын асуудал нь нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудлуудын нэг болоод буй. Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, зохицуулалтад хэнийг ч үл орхигдуулах суурь зарчмыг баримтлах бөгөөд тэргүүн ээлжид уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс онцгойлон анхаарч, ялангуяа нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар, ус, хөрс, орчны бохирдол зэрэг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлыг энэхүү хэлэлцүүлгээрээ хөндөн хэлэлцэж, үер, ган, зуд, түймэр зэрэг гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг төр засгийн анхааралд хандуулж, эргэн сануулахыг зорьж байна” гэв.