ЗАВХАН: Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумын нутгаар шөнөдөө 44-46 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-12 12:46:49

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сибирийн хүйтэн агаарын урсгал түрэн орж ирсний улмаас 13-ний өдрөөс эхлэн тав хоног Завханы нийт нутгаар эрс хүйтэрч хүйтний эрч чангарна.


Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарах тул зам даваанд хальтиргаа гулгаа нэмэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.


Мөн 14-ний пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө Завханы Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй болон бусад сумдад 40-42 градуст хүрэх бол Завханы Тэлмэн, Тосонцэнгэл, Идэр сумдын нутгаар -44-46 градуст хүрч эрс хүйтрэх төлөвтэй байна.


Тиймээс малчид, тээвэрчид, иргэд цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн хол замд гарахдаа цаг агаарын мэдээллийг үзэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хянах. Малчид малаа хол бэлчээхгүй, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг сануулав.


Ташрамд монгол орны хэмжээнд хамгийн хүйтэн байсан сар нь  2016 оны нэгдүгээр сар ажээ. Ялангуяа, нутгийн баруун хагаст эрс хүйтэрч байсан бөгөөд Увс, Завханы нутгаар -50-55 градус хүрсэн байдаг аж.


Завхан аймгийн тухайд 2004 оны 12 дугаар сарын 30-ний өдөр Тосонцэнгэл суманд -44.8 хэм хүрч хүйтэрснийг Дэлхийн цаг уурын байгууллага тогтоож онцолж байжээ. Мөн 2021 онд Цэцэн-Уул суманд агаарын даралт 1094.3 миллибар болж өсөн агаарын хэм цельсийн -45.5 хэм болж байжээ.


2023 оны нэгдүгээр сард Завханы Баянтэс суманд хүйтний эрч -50 хэм хүрч хүйтэрсэн нь Монгол Улсад 2018 оноос хойших хамгийн хүйтэн үзүүлэлт болсон аж. 

相关新闻