УИХ-ын сонгуулийн тухай хуульд жендэрийн мэдрэмжтэй заалтуудыг тусгасан болохыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-13 16:29:30

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөлтэй хамтран үе үеийн эмэгтэй парламентчдыг оролцуулсан Эмэгтэй парламентчдын анхдугаар чуулганыг өнгөрсөн онд анх удаа зохион байгуулсан юм. Энэ удаагийн чуулганыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, БНСУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (КОЙКА)-ийн  дэмжлэгтэйгээр Төрийн ордонд зохион байгуулав.


Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших 8 удаагийн УИХ-ын сонгуульд нийт 3445 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 25 хувь нь эмэгтэйчүүд байсан аж. Нийт 608 гишүүн сонгогдсоноос 10.7 хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд 45 эмэгтэй давхардсан тоогоор нийт 65 удаа сонгогдсон. Үүнээс 10 эмэгтэй хоёр ба түүнээс дээш удаа, үлдсэн 35 эмэгтэй нэг удаа сонгогдсон байна. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 51 хувийг эзэлж буй эмэгтэйчүүд хууль тогтоох байгууллагад дээрх тооны оролцоотой байгаа нь хэр хангалттай үзүүлэлт вэ гэдгийг энэ үеэр хөндөж ярилцлаа. 


"Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-ыг зохион байгуулсанаас хойших нэг жилийн хугацаанд УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, парламентын гишүүдийн тоог 126 болгон сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар хуульчилжээ. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, аль нэг хүйсийн нэр дэвшигчдийн төлөөллийг ирэх оны сонгуулиар 30-аас доошгүй, 2028 оны сонгуулиар 40-өөс доошгүй хувьтай байхаар, нам эвсэлүүд нэр дэвшүүлэхдээ хүйсийн харьцааг 1:1 дараалалтай байхаар, нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг 50 хүртэл хувь бууруулахаар хуульчилсан юм. Урьдчилсан судалгаанаас харахад, дараагийн УИХ-д 20-24 эмэгтэй сонгогдон нийт гишүүдийн 20 орчим хувьд хүрэх, 2028 онд үүнээс ч нэмэгдэж орж ирэх боломж бүрдсэн байна. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад намууд жендэрийн хариуцлагатай байх, дотооддоо шийдвэр гаргах бүтцийн байгууллагууддаа 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөлтэй байх бодлого баримтлах, төрийн санхүүжилтийг жендэрийн мэдрэмжтэй байхад чиглэсэн заалтууд туссан аж. 


Эдгээр эрх зүйн шинэчлэл нь Монгол Улсын шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог хангахад дэмжлэг болно гэж итгэж байна гэж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд энэ үеэр онцоллоо. Түүнчлэн өнгөрсөн сард УИХ-д суудалтай намууд болон Төрийн байгуулалтын байнгын хорооны төлөөлөл Бельгийн Брюссель хотод НҮБ-ын санаачилгаар зохион байгуулсан ”Дижитал эрин үед тайван, оролцоотой сонгууль зохион байгуулах нь" сэдэвт олон улсын бага хуралд оролцох үеэр бусад орны төлөөлөгчид манай дээрх шинэчлэлүүдийг томоохон дэвшил хэмээн үзсэн болохыг тэмдэглэв.


УИХ-ын дэд дарга С.Одонтуяа энэ удаагийн чуулганаар өмнөх чуулганаас гарсан зургаан зүйл бүхий тунхаг бичгийн хэрэгжилтийг дүгнэж хэллээ. Үүнд, сонгуулийн тогтолцоог бүх нэр дэвшигчдэд ээлтэй байдлаар өөрчлөх, УИХ болон Аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн квотыг 40-өөс доошгүй хувьд хүргэх, Улс төрийн намын тухай хуульд жендерийн мэдрэмжтэй өөрчлөлтийг оруулах, УИХ-ын даргын дэргэд орон тооны бус Эмэгтэй парламентчдын зөвлөл байгуулах зэрэг амлалтыг тусгасан нь 90 гаруй хувийн биелэлттэй байна гэв. Тэрбээр үргэлжлүүлэн Монгол Улсын эрх зүйн хүрээнд гаргасан шинэчлэл нь Азидаа шинэлэг бодлого болсон бөгөөд УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг жендэрийн мэдрэмжтэй хууль гэж дүгнэхээр байна. Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэх амлалт хараахан биелээгүй. Энэ нөхцөлд улс төрийн намуудын ойлголцол чухал гэж харж байна гэлээ.


Монгол Улс дахь НҮБХХ-ийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао Монгол Улс парламент дахь эмэгтэй гишүүдийн эзлэх хувийг 30-д хүргэх гэж сүүлийн гучин жилд ажиллаж ирсэн ба одоогийн байдлаар 17 хувьтай байна. Энэхүү 17 хувийн үзүүлэлт нь дэлхийн 190 орноос 134 дүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа хэрэг бөгөөд нь цаашид энэ тал дээр ажиллах шаардлагатай гэв. УИХ-ын гишүүн  Б.Саранчимэг “Дэлхийн банкны болон манай улсын судлаачдын гаргасан судалгаанаас харахад, тэгш байдал алдагдсанаар нийгмийн асуудлууд дээр ихээхэн доголдол үүсэж байна. Ялангуяа авлига нүүрлэж байгаа нь тэгш байдал алдагдсантай холбоотой хэмээн дүгнэж буй. Ер нь эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд гарч ирэх гэж эрчүүдээс хоёр дахин, түүнийгээ ойлгуулах гэж мөн хоёр дахин ажилладаг. Тиймээс нам харгалзахгүйгээр бие биеэ дэмжиж, нийгмийн сайн сайхны төлөө нэгддэг чаддаг байх хэрэгтэй” хэмээв.


Тус чуулганы хүрээнд "Амжилтаа ахиулах нь: Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахад чиглэсэн арга зам" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, төгсгөлд нь шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахыг уриалсан уриалга гаргалаа.  Тухайлбал, эмэгтэйчүүд болон залуучууд сонгуульд идэвхтэй оролцож, үеийнхэндээ үлгэрлэн, хэвшмэл ойлголтоос салж, хүний эрх, жендэрийн тэгш эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Улс төрийн намууд тэгш төлөөллийг хангах амлалтаа үргэлжлүүлэн биелүүлж, сонгуулийн зардлыг бууруулж, эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих санхүүгийн механизмыг бүрдүүлэх нь зүйтэй. Иргэний нийгмийн байгууллагуудад эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих тогтолцоог бүрдүүлж, эмэгтэй нэр дэвшигчдийг сурталчлан таниулах ажилд сайн дураар оролцон, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх хүрээнд ажиллах шаардлагатай. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ёс зүйн дүрэм, зарчмаа баримталж, 2024 онд шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг дэмжих хөдөлгөөнийг өрнүүлж ажиллахыг уриалсан байна.


相关新闻